МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН ГАДААД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ БУЙГАА АНУ-ЫН ТАЛ АМЧАМ МОНГОЛЫН ВАШИНГТОН РУУ ХИЙСЭН ЦАХИМ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ДАХИН ИЛЭРХИЙЛЛЭЭ
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын АНУ руу жил бүр зохион байгуулдаг айлчлалыг 2021 оны зургадугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд анх удаагаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Энэхүү айлчлал нь АмЧам Монголын гишүүд болон Монгол дахь бизнес эрхлэгчдэд Вашингтон ДиСи хот дахь төрийн байгууллaгууд болон Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзан, холбоо тогтоож, санал бодлоо солилцох боломж бий болгодог билээ.
Түүнчлэн Монгол Улсыг америкчуудад танилцуулж, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хөрөнгө оруулалт хийх боломжит салбаруудыг танилцуулан, Б2Б уулзалтууд хийдгээрээ давуу талтай юм.
2021 оны хувьд Covid-19 цар тахлын улмаас энэхүү арга хэмжээг анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү цахим айлчлалын хүрээнд АмЧам Монголын зүгээс АНУ-ын холбогдох байгууллагуудад дараах бодлогын асуудлуудыг дэвшүүлж, илэн далангүй санал солилцлоо. Үүнд:
- Хоёр улсын хооронд татварын гэрээ байгуулах боломжийг судлах
- Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээ байгуулах боломжийн талаар санал солилцох
- Хөгжлийн Санхүүгийн Корпорац, АНУ-ын EXIM банк, Мянганы сорилтын корпорацаар дамжуулан хувийн хэвшлийн санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх
- Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэн батлуулах ажлыг эрчимжүүлэх
- АНУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудлууд багтлаа.
Энэ жилийн цахим айлчлалын хүрээнд АНУ-ын төрийн байгууллaгууд болон хувийн хэвшлийн төлөөлөл болох АНУ-ын Худалдааны Танхимын Ази хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч Чарлз Фриман, АНУ-ын Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Скотт Татлок, Конгрессын гишүүд Дон Янг болон Дина Тайтус, АНУ-ын Сангийн яамны терроризм, мөнгө угаахтай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Терри Маккартин, АНУ-ын Төрийн Департаментын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ноён Жонатан Фриц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Солонгосын хойг ба Монгол Улс хариуцсан захирал Адам Фарраp болон Америкийн бизнесийн төлөөлөгч нартай уулзалт хийлээ.
Гурван өдрийн туршид үргэлжилсэн цахим айлчлалыг АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жей Лиотта, мөн дэд дарга н.Мөнхнасан нар удирдаж, Монгол Улсын геополитик, эдийн засгийн өнөөгийн байдал, гол тэргүүлэх чиглэлүүд болон хөрөнгө оруулалт хийх боломжит салбаруудын талаар, мөн хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн тухай ярилцаж, илэн далангүй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хатагтай н.Мөнхнасан “АНУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч жилд 1 тэрбум ам.доллараас доогуур байгаа бол стратегийн түнш биш Канад улс жилд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийж байна” гэж онцлов.
Монголд бизнес хэрхэн тэлж өргөжиж байгааг харахад маш их таатай байна гэж ноён Фриман сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол бол манай улсын чухал түнш бөгөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд АмЧам болон ЭСЯ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцоллоо. Вашингтон Ди Си дэх төрийн байгууллагууд Ерөнхийлөгч Байденыг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд түншүүдтэйгээ өргөн цар хүрээтэй худалдааны хамтын ажиллагааг анхаарч эхлүүлэхийг хүлээж байгаа тухай мөн ярилаа.
Уулзалтуудын үеэр стратегийн түншлэлийн хүрээнд тодорхой сэдвүүдийг хэлэлцлээ. Тухайлбал, гуравдагч хөршийн бодлого, эдийн засгийн өргөтгөсөн түншлэл, стратегийн түншлэлийн тунхаглал, хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ, ил тод байдлын гэрээ, гуравдагч хөршийн худалдааны акт, худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцаа гэх мэт.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал н.Өлзийсайхан хэлэхдээ, Монголын засгийн газрын тэргүүнд тавьж буй бодлого нь эдийн засгийг төрөлжүүлэхэд оршдог. Мөн үүнийг ажил хэрэг болгохын тулд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт, худалдаатай холбоотой ил тод байдлын гэрээ нь чөлөөт худалдааны хэлэлцээрийг бий болгох эхний алхам юм. Энэ ажил жаахан хойшлогдсоор ирсэн хэдий ч өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Элчин сайд Клечески нар энэхүү гэрээний дагуу захидал солилцсон явдалд бид баяртай байна. АНУ-тай энэ жил хоёр талын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг хийж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байгааг илэрхийлэв.
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгийн дэд дарга Дон Янг “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг Конгресст дахин өргөн барьсан, мөн батлагдсан тохиолдолд дараагийн алхам юу байх талаар мэдээлэл өгч, Монгол Улсыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
АНУ-ын Сангийн яамны төлөөлөгчидтэй хоёр улсын хамтын ажиллагааг тэлэх, санхүүгийн гүйлгээ, саарал жагсаалтын асуудал, виртуал хөрөнгийн талаар ярилцаж, Монгол Улс нэг жилийн буюу асар богино хугацаанд саарал жагсаалтаас гарч чадсаныг онцлон тэмдэглэв.
Ноён МакКартин “Ил тод байдлын гэрээний хэрэгжилт манай ажлын жагсаалтын тэргүүнд байгаа тул бид Монгол Улсын засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Бид өмнө нь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг GSP-д хамруулах талаар ярилцаж байсан боловч илүүтэй хэрхэн зөв маркетинг хийж, хэрхэн олон улсын зах зээлд гаргах вэ гэдэг талаас нь харах нь дээр гэж бодож байна” гэж хэллээ.
Вакцины гадаад бодлого болон стратегийн түншлэлийн харилцааны талаар АНУ-ын Төрийн Департаменттай ярилцлаа. Жонатан Фриц хэлэхдээ “Бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээр бахархдаг. Эдийн засгийн өргөтгөсөн түншлэл нь гуравдагч хөршийн бодлоготой хамтран манай худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс болно" гэв.
Мөн АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаа, Монгол Улсад үзүүлэх нөлөө, Хятадын бүс нутаг дахь нөлөөлөл зэргийг АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлтэй ярилцав. Ноён Фаррар хэлэхдээ: “Бид танай шинэ Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна. Цар тахлын улмаас хүнд хэцүү цаг үе ирсэн хэдий ч бид түүхэн харилцаагаа сэргээж, үргэлжлүүлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ази бүс нутагт баримталдаг арга барилаа өөрчилсөн байгаа. Азийн бүс нутгийг бүхлээр нь хариуцсан нэг газартай байсан бол манай одоогийн засгийн газар БНХАУ-ыг дангаар хариуцсан нэгжтэй болсон байгаа. Энэ нь тухайн бүс нутаг дахь түншүүдээ илүү анхаарч, хамтаpч ажиллах боломжийг гаргаж өгсөн” гэлээ.
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгийн гишүүн Дина Тайтус Монгол Улсад ирж байсан бөгөөд манай улсын хүний эрх, ЖДҮ эрхлэгчид, ноолуурын салбарыг чадавхжуулах, Монголын ардчиллыг дэмжих тал дээр түлхүү ажилладаг. Гуравдагч хөршийн худалдааны хууль, ил тод байдлын гэрээ, бүс нутгийн түншлэлийн асуудлууд, хууль тогтоомж болон шинэ хөтөлбөрүүдэд гишүүнээс дэмжлэг хүслээ.
Анх удаа зохион байгуулагдсан цахим айлчлалд АмЧам Монголын гишүүд "Махони Лиотта" ХХК, "Монполимет" групп, Ард санхүүгийн нэгдэл, Фэйсбүүк, "МСМ групп" ХХК, "Рио Тинто", "Степп" групп, "Танан экспресс трейд" ХХК-ийн төлөөлөл оролцож, Монгол дахь АНУ-ын ЭСЯ, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ болон Монгол Улсын ГХЯ зэрэг байгууллагуудад энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ, Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог, Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази, Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази, Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Холбоотой мэдээ