Ерөнхийлөгч асан Х.Баттулга буухынхаа өмнөх өдөр зарлиг гаргаж, зарим хүнд уучлал үзүүлсэн. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Б.Галсансүх, анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсн эмэгтэйчүүд зэрэг нийт 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ сарын 24-нд сулласан юм. Гэтэл тэдгээр 13 хүн дунд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд уучлал үзүүлж, сулласан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалд багтсан гэх ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалыг суллагдаагүй болохыг мэдээлж буй.
Гэхдээ Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргасан бололтой.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч О.Батхандаас тодруулахад “Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбал суллагдсан гэдэг нь ташаа мэдээлэл болов уу. Бидэнд ийм мэдээлэл байхгүй” гэх тайлбар өгөв.
Харин талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч С.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн бүрэн эрхээр нэг удаа уучлал үзүүлж болно. Эсвэл УИХ-аар Өршөөлийн хууль батлагдаж ялаас хэтрүүлж болдог хоёр заалт бий. Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар уучлалд багтаж, суллагдсан байхыг үгүйсгэхгүй. Б.Махбалын тухайд Женкогийн хүн байсан ч гэж яригдаж байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэн нэгэн давж заалддаггүй агуулгатай шийдвэр гарсан байх магадлалтай. Гэхдээ тодорхой мэдээлэл алга” гэлээ.
Мөн талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр У.Өнөрцэцэг “Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн зарлиг гарсан эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаад байна. Хэрэв Б.Махбалыг суллаж байгаа бол гомдолтой байна. Ер нь Б.Махбалд уучлал үзүүлсэн нь тодорхой байх. Гашуудлын нулимс хатаж дуусаагүй байхад алуурчин нь суллагдаж болох уу. Шударга бус байна. Бид ийм төртэй, ийм төрийн тэргүүнтэй байж. Маргааш гэхэд бүх зүйл тодорхой болно” гэж хэлсэн юм.
Б.МАХБАЛ, Э.ЭНХБАТ НАРЫН ЭДЛЭЭГҮЙ ЯЛААС 25 ХУВИЙГ НЬ ХАСЧ, УУЧЛАЛ ҮЗҮҮЛСЭН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбал, шар хочит Э.Энхбат нарт эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө уучлал үзүүлсэн бөгөөд Б.Махбал, Э.Энхбат нарын хувьд эдлээгүй ялынх нь хугацаанаас 25 хувийг нь хассан. Олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа шиг тэднийг уучилж, сулласан зүйл байхгүй" гэдгийг хэллээ.
Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм. Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.
Харин "Шар Энхээ" хочит Э.Энхбат нь мансууруулах бодис хууль бусаар хилээр оруулж ирсэн, түүнийг саатуулах үед цагдаагийн ажилтны биед халдсан зэрэг үндэслэлээр найман жилийн хорих ялыг 2020 оны арваннэгдүгээр сард оноогоод байсан юм.
Холбоотой мэдээ