100 жилийн наадамд Н.Батсуурь, Э.Оюунболд нар зодоглохгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

100 жилийн наадамд Н.Батсуурь, Э.Оюунболд нар зодоглохгүй

100 жилийн наадамд Н.Батсуурь, Э.Оюунболд нар зодоглохгүй

Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам олны анхаарлын төвд орлоо. Өнгөрсөн долоо хоногт Соёлын яамны дэд сайд М.Батбаяр Ардын хувьсгалын 100 жилийн ойн 10 тэрбум төгрөгийг наадмын төсөв биш гэдгийг онцолсон. Түүхт ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч цар тахлын улмаас эдгээр ажлуудыг цуцалж, үүний төсөв болох 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар зохицуулах аж.

Харин энэ жилийн наадмыг 2.8-3 тэрбум төгрөгт багтаана гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн юм.

НААДМЫН НЭЭЛТИЙГ Б.БААТАР НАЙРУУЛЖ, ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХ ШИГ БИЧЛЭГ ЦАЦНА

Наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар МУСГЗ Н.Наранбаатар, Ерөнхий продюссероор МУУГЗ Г.Цоггэрэл, Зөвлөх найруулагчаар Б.Баатар ажиллаж байгаа. Энэ талаар найруулагч Г.Цоггэрэл “Н.Наранбаатар бол туршлагатай, өөрийн онцлогтой, тайз дэлгэцийн болон амьд орчны юмсыг маш сайн найруулж, утга санаагаа илэрхийлдэг. Б.Баатар бол камераар дүрслэлийн найруулгыг хийдгээрээ онцлогтой. Бид 2000 гаруй хүний оролцоотой зохиол туурвисан ч цахимаар нээлтээ хийх тул уран бүтээлч бүрээ камерт оруулахын тулд тоог нь багасгасан.

250 уран бүтээлч, 100 цэрэг гээд нийтдээ 350 хүн л оролцоно. Мөн цар тахлын улмаас цахим учир Б.Баатарыг найруулагчаар тавьсан. Бид гурвуулаа зохиолдоо, зураг авалтдаа оролцоод явна.

Уран бүтээлчдээс PCR шинжилгээ өдөр бүр авч, Хүй долоон худаг дээр долоо хоног тусгаарлаж эхэлж байгаа” хэмээн ярив.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны дуу бичлэг, зураг авалтуудыг урьдчилан хийж, эвлүүлж, найруулж, өнгөрсөн жилийнх шиг наадмын өглөө телевизийн эфир болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичлэг цацна.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зардал 850 сая төгрөг бол наадмын нийт төсөв нь 2.8-3 тэрбум төгрөг. Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалтын төсөв 600 сая төгрөг байв.

ХУВЬ ХҮМҮҮС ЗӨВШӨӨРӨЛ АВААД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БОЛОМЖГҮЙ

Хоол хүнс, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа Хүй долоо худагт явагдахгүй. Зохион байгуулалттай байгууллагууд тэнд үйлчилгээ явуулахаар гэрээ байгуулж болно эсвэл наадамд оролцох хувь хүмүүс өөрсдөө хүнсээ бэлтгэж очно. Хувь хүмүүс зөвшөөрөл аваад худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй аж. Өнгөрсөн жилийн тухайд ганцхан Модерн Номадс сүлжээ рестораны явуулын салбар наадам болсон 13-р зуун цогцолбор газарт ажилласан билээ.

Удахгүй хэчнээн хүн Хүй долоо худагт очих ерөнхий тооцоолол гарах бөгөөд одоогоор сур, морь, шагайн харваа, бөхийн холбоод оролцох хүмүүсийнхээ бүртгэлийг хийж байна.

БӨХИЙН БАРИЛДААН ГУРВАН ӨДӨР ЯВАГДАЖ, ӨВДӨГ ШОРООДСОН НЬ ШУУД ХАРИНА

Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, бөхчүүд, жаяг дэгийн багт ажиллах хүмүүсийг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байхыг шаардаж, наадам болохоос өмнө PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдсан байх ёстой гэв. Бөхийн барилдаан нь Хүй долоон худагт гурван хоног үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 10-нд нэг, хоёрын даваа, 11-нд гурав, дөрөв, тавын даваа явагдаж, 12-нд түрүү бөх тодрох аж. Хамгийн сонирхолтой нь, эхний хоёр өдөр өвдөг шороодсон бөхчүүд оройдоо Улаанбаатар хот руу буцах гэнэ.

Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, допингийн асуудалтай, шийтгэлээ бүрэн эдэлж дуусаагүй байгаа бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага магадгүй Э.Оюунболд аварга хүртэл энэ жилийн наадмаар зодоглохгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж