Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт тангаргаа өргөсөн. Харамсалтай нь үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг энэ өдөр цагдаа нар баривчилсны нэг нь та байлаа. Таныг ингэхэд цагдаа нар ямар хэргээр яагаад баривчлав?

Зургадугаар сарын 24-нд дүрэмт хувцастай хоёр цагдаа гэрийн  хаалга тогшоод надаас орцны үүдэнд хүмүүс зодолдсон эсэхийг  харсан уу гэж асуусан. Миний бодлоор тэд намайг гэртээ байгаа эсэхийг шалгаж явсан байх. Маргааш нь буюу зургадугаар сарын 25-ны өглөө  энгийн хувцас өмссөн хоёр цагдаа ирээд ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэлгүйгээр “Уулзах хэрэг байна. Гараад ир” гэж шаардсан. Ямар ч шалтгаангүй юм бол би гарахгүй гэдгээ тэдэнд хэлсэн. Ингээд 10.00 цагийн үед С.Зориг агсны хөшөө рүү явахаар гэрээсээ гарах үед намайг энгийн хувцастай үл таних хүмүүс машинд хүч түрэн чихэж авч явсан. Би өнөөдрийг хүртэл яагаад саатуулагдсан шалтгаанаа ойлгохгүй байна. Ерөнхийдөө С.Зоригийн хөшөөний урд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн 5-6 хүнийг цагдаагаас саатуулан мэдүүлэг авсан. Тэр дунд миний мэдэхээр "Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшин,  иргэн Д.Монголхүү нар бий. Өнөөдөр Монгол Улсын иргэн “Халдвар хамгааллын дэглэмээ сахиач” гэсэн зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө цагдаад шалгагдаж байна. Бид ямар нэгэн жагсаал цуглааны зохион байгуулалтын хэлбэрт ороогүй. Иргэд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр цугласан. Иргэд нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд бухимдаж явдаг асуудлаар цуглаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл явц юм. 

Гэтэл өнөөдөр 1-2 хүний нэр цохож “Энэ үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар хохирлыг та нар хариуцна шүү” гэж айлган сүрдүүлсэн шинж чанартай шаардлагыг цагдаа нар танилцуулж байна. Би энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсан.

Өмнө нь оролцож байсан жагсаал, цуглаанаас харахад ингэж нэг мэдэгдэл хүргүүлсэн болоод дараа нь албадан саатуулдаг. Үнэнийг хэлэхэд би одоо цагдаа нараас халширч байна. Сүүл рүүгээ айдаг боллоо. Анхандаа цагдаа нар  “Миний дүү нааш ир” гэдэг байсан бол одоо гулууз мах  ачиж байгаа аятай авч явдаг болсон. Гэр оронд хүртэл ирээд нүцгэн шалдан баривчилж авч явчхаад дараа нь цагдаагийн байгууллагаас архичин согтуугаар нь дуудаж мэдэгдэл хийдэг болчихсон.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн үг хэлэх эрхийг эрх баригчид хязгаарлаж цагдаа, шүүхээр айлгах нь ихэслээ. Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар иргэдийн мэдэх, жагсах, үг хэлэх эрхэнд ноцтой халдаж байна. Энэ дарангуйлал мөн үү?

-Монгол Улсад  иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх боломж хязгаарлагдаж байна. Иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй мөртлөө үгээ хэлэх, эрүүл мэндийн туслалцаа авах,  эрүүл аюулгүй орчинд амьдрах,  амьд явах зэрэг бүх эрхүүд зөрчигдөж байна.

Товчхондоо  “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна гэсэн үг.

Ард иргэдийн зовлон зүдгүүр эрх баригчдад хамааралтай бус тэдэнд зөвхөн эрх мэдэл, нөлөөллөө тэлэх нь  гол зорилго нь болчхоод  байна. Иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах зорилго нь нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймдээ ч иргэдээ хүндлээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цахимаар хийх нь зөв байсан. Эрх баригч намынхан хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэдэн зуун цэргийг дайчиллаа. Гэтэл үгээ хэлсэн иргэдийг цагдаагийн хүч ашиглан барьж, саатуулах нь шударга ёс уу. Би “Зон олны нам”-ын дарга бус хувь хүнийхээ зүгээс аливаа үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Энд цугласан залуус  цэвэр өөрсдийн итгэл үнэмшил дээр нэгдсэн.  Хүмүүс дөнгөж цуглаад лоозон, самбараа бариад  явж байхад цагдаа нар намайг саатуулсны улмаас  иргэд “Би бас баригдах вий” гэсэн айдастай болсон.  Дарангуйллаар дамжих айдас нийгэмд хүчтэй оршин тогтнож байна.

ОЛОН ДҮРТЭЙ НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛЛЫГ  ТҮЛХЭН УНАГАХ ЁСТОЙ

 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нэг намд бүх эрх мэдэл төвлөрсөн.  Нэг намын эрх мэдэл цаашдаа нэг хүнийх болох вий гэсэн болгоомжлол байгааг нуугаад яах вэ. Та өөрөө ч байнга ингэж жиргэдэг шүү дээ?

Нэг намын дарангуйллаас бол айхгүй байна. Харин нэг хүний дарангуйлал гэдэг бол маш аюултай. Нэг хүний дарангуйлал бол улс төрийн намуудыг зөвхөн өөрийнхөө эрх мэдлийн хяналтдаа байлгах арга хэрэгслийн хэрэглүүр болгож хувиргадаг.

Би сүүлийн үед Тандем гэх  ойлголтыг ихээр  ярьж байгаа. Энэ нь олон дүртэй хэрнээ нэг хүний дарангуйллыг хэлдэг. УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь солигдоод байгаа боловч ард нь нэг л хүн байгаад байдаг.

Тандем үзэгдэл нь Монгол Улсад бий болоод 3-4 жил болчихсон. Энэ үзэгдлийг бусад улс орнуудын түүхээс аваад үзвэл хамгийн багадаа дунджаар 9-10 жил үргэлжилдэг. Тандем нь өөрөө цэвэр дарангуйллын үзэгдэл. Тухайн улс ямар засаглалтай байгаагаас үл хамааран нэг хүн л удирдаад байдаг гэсэн үг. Энэ үзэгдлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх эхлүүлсэн. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэн нь тандемын  гол тоглогч нь байх вэ гэсэн  зөрчилдөөн хуйвалдаан  нь үргэлжлээд л  явж байна. Бид  олон намын тогтолцоот хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  ардчилсан нийгмийг авч үлдье гэвэл тандем буюу олон дүртэй нэг хүний дарангуйллыг түлхэн унагах ёстой. Ингэхийн  тулд цаг хугацаа ихээр шаардагдах боловч  хамгийн гол нь  иргэдийн оролцоо, дуу хоолой улс төрийн намуудын идэвхтэй үйл ажиллагаа  чухал. 

-Таныг АН-ын дарга асан С.Эрдэнийн  төрсөн хүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэхдээ та Зон олны намын дарга хүн. Аавыгаа дагаад АН-ын гишүүн болох боломж танд байсан. Гэхдээ та өөр замаар явахаар шийдсэн, яагаад?

Миний зорилго бол Монголд неоконсерватив үзэл баримтлалтай намыг бий болгож  улс төрийн шинэ тутам намыг институтын хувьд бэхжүүлэх юм. МАН, АН-ын үзэл баримтлал миний үзэл баримтлалтай нийлдэг бол аль нэгийг нь сонгоод элсэх нь дамжиггүй. Гэвч Монголд миний үзэл баримтлалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг нам байхгүй байсан учраас  ижил үзэл бодолтой хүмүүстэйгээ эвлэлдэн нэгдэж улс төрийн намаа  байгуулж  Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн.

"АН-ТАЙ ЭВСЭХГҮЙ"

Тэгвэл танай намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа онцлог ялгаатай юм. Байдаг л нэг "үхмэл" нам юм байх биш үү?

-Манайх неоконсерватив үзэл, онолтой. Энэ үзэл баримтлалаар дамжуулж хүний эрхийн үндсэн баталгааг санхүүгийн эрх чөлөө гэж үзэж байгаа юм. Иргэн санхүүгийн болон эдийн засгийн эрх чөлөөгүй бол бусад асуудлыг ярих хэрэггүй. Мөн эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлана гэж манай нам үздэг. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцдог түүнээс нь болж зарим нь хэт монополь болдог зарим нь дампуурдаг. Төр оролцох тусам эдийн засаг сайнгүй байдаг гэж үздэг. Мөн дунд шатны албан тушаалтан, мэргэжилтэнг төрийн удирдлагын түвшинд гаргаж ирэхийг зорьдог. Бид дарга цэргээ хэт удаан төрийн толгойдоо залчихжээ. Харин эмч, багш зэрэг яг гал тогоонд ажилладаг хүмүүсийг төрд гаргаж байж алдааг засна гэж үздэг. Хуулийн шинэчлэл хийх, хавтгайрсан халамжийг цэгцлэхэд неоконсерватив үзэл баримтлал хэрэгтэй.

Бид сонгууль бүрээр 1-2 суудал горилохоос илүүтэй улс төрийн намын институцын хувьд бэхжиж ирээдүйд улс төрийн өрсөлдөөнд залуус оролцох дэд бүтцийг бэхжүүлэх зорилготой.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд манай нам бүх тойргоос нэр дэвшигчдээ илгээсэн. Нийт нэр дэвшигчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байсан. Эмэгтэйчүүдийн тэгш эрх жендерийн асуудлыг хөндөж зориуд ийм байдлаар нэр дэвшүүлэлтийг хийсэн. Шинэ улс төрийн намын хувьд  сонгуульд анх удаагаа хамгийн олон эмэгтэйчүүдийг нэг дор нэр дэвшүүлсэн нам болж шинэ соёл, хандлагыг харуулсан.

-АН-ын хувьд эргэн сэргэх боломжоо гуравдагч намуудтай нэгдэж, нийлэх гэж харж, дүгнэж байх шиг. Танай намын үзэл баримтлал АН-тай их төстэй.  Хэрэвзээ АН санал тавьбал танай нам хүсэлтийг нь хүлээж авах уу?

Тийм зүйл байхгүй. АН-ыг  баруун төвийн үзэл баримтлалаа тодорхойлохоос өмнө манай нам аль хэдийн үзэл бодлоо тодорхойлоод үүсгэн байгуулагдсан. Би андуураагүй бол АН  2017 онд үзэл баримтлалаа баруун төвийн гэж тодорхойлсон. Гэтэл манай нам 2015 оноос  зохион байгуулалтад  ороод үзэл бодлоо тодорхойлж 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд үүсгэн байгуулах хурлаа хийсэн. Мэдээж чиг баримжааны хувьд барууны улс төрийн намууд боловч үзэл баримтлал нийлэх зүйлүүд дээр хамтарч оролцож болно. Бусдаар бол эвсэхгүй. Ер нь  улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энгийн үзэгдэл. Тиймээс “Зон олны нам” аль нэг намын хавчуурга  гэж ойлгож болохгүй. Намайг АН-ын захиалгаар хөдөлдөг гэж их ярьцгаадаг. Гэхдээ цаг хугацаа бүх зүйлийг батална. Би хар залуугаараа нам эвсэл, төрийн байгууллагад цүнх баригч хийгээгүй. Харин 30 нас хүрээд анх удаа улс төрийн намын сонголтоо хийсэн. Амьдралдаа анх удаа намд элсэхдээ “Зон олны нам”-ыг нөхдийнхөө хамт үүсгэн байгуулсан. Бүх зүйлийг хайрцаглаж, хардаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. 

-АН-ын хувьд гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Мэдээж, нам нь хоёр хуваагдсантай холбоотой байх.  Та өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар аавыгаа дэмжиж ажилласан. Аав чинь ялагдсан   шалтгааныг юу гэж харж байна вэ?

Би энэ асуудал дээр хувь хүнийхээ байр суурийг илэрхийлье. Зон олны намын хувьд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг баруун төвийн үзэл баримтлал дээр баттай зогсдог учраас  дэмжиж оролцсон. Эцэг хүүгийн харилцаанаас илүү улс төрийн чиг баримтлалын дагуу АН-ын мнэр дэвшигчийг манай нам дэмжсэн  Үлдсэн хоёр намын хувьд зүүний чиглэлийн намууд байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг би хувьдаа төрийн эрхийг хууль бусаар авсан хэд, хэдэн удаагийн үйлдлийн давтагдсан хэлбэр гэж үздэг. Учир нь энэ асуудалтай холбоотойгоор иргэн Г.Ган-Очир сонгуулийн хар машины луйврын талаар шүгэл үлээсэн. Түүний хувьд өнгөрсөн оноос эхлээд цагдаагийн байгууллагад энэ асуудлаар шалгагдаад бүх баримт материалыг гаргаж өгсөн юм байна лээ. Гэвч харамсалтай нь уг хэрэгт хууль хүчний байгууллага маш хойрго хандсан. Миний хувьд Г.Ган-Очирын дэлгэсэн баримтуудыг үндэслэлтэй гэж үздэг.  

Тиймээс өнгөрсөн Баасан гаригт  Ерөнхийлөгчийн тангараг  өргөсөн У.Хүрэлсүх  миний Ерөнхийлөгч биш. Энэ хүнийг би төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үздэг учраас Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй.

-Иргэн Г.Ган-Очирын браимтыг та үндэслэлтэй гэлээ. Гэхдээ өөрөө М.Тулгат даргатай АН-аас 75 сая төгрөг авч тэр видеог бэлтгэсэн  гэж цагдаа нарт мэдүүлсэн байдаг.  Тэгэхээр цагдаа нар түүнийг айлгасан байж болох уу. Түүнийг танай аавынхаас олсон гэж сонссон?

Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа зарлагдсантай холбоотойгоор түүнд хонож өнжих газаргүй, хамгаалах хүнгүй байсан. Тиймээс би иргэний зориг гаргаж түүнийг  сонгуулийн хугацаанд  гэртээ байлгасан. Манай гэрийн гадаа салхилж байхад нь цагдаа нар отож байгаад барьсан. Үүний дараа МАНын зүгээс Г.Ган-Очир АН-аас 75  сая төгрөг авсан, С.Эрдэнийн Хандгайтад байрлах зуслангаас  баривчлагдлаа гэх мэт худал мэдээлэл тараасан. Энэ нь ор үндэслэлгүй худал мэдээлэл. Иргэн Г.Ган-Очиртой үзэл бодол нэгдэж, иргэний зориг гаргаж шүгэл үлээсэн учраас өөрийн боломжит хэмжээнд хамгаалах ажилд идэвх гаргаж оролцсон. Одоо ч оролцоод явж байна. Цаашдаа ч иргэн Г.Ган-Очирын илчилсэн баримтыг үнэн гэдэгт итгэсэн хэвээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
34
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж