Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр өнөөдөр /2021.6.27/ covid-19 халдвараар 13 хүн нас барсны дунд хоёр сартай нярай эндсэн талаар мэдээлсэн. Тус нярай ямар шалтгааны улмаас эндсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр мэдээлэл хийлээ. Нярайн гэр бүлийн таван гишүүнээс халдвар илэрсэн ч түргэвчилсэн шинжилгээ нь хоёр удаа сөрөг гарчээ. Нас барсны дараа шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй болсон байна.
Тэрбээр, зургадугаар сарын 25-ны өглөө харамсалтайгаар Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд харьяалагдах хоёр сартай нярай Covid-19 халдварын ойрын хавьтал болсныхоо дараа нас барлаа.
Тухайн нярайн ам бүл зургаа бөгөөд хоёр сартай хүүхдээс бусад гэр бүлийн гишүүд бүгд халдвартай болох нь батлагдсан. Эрүүл мэндийн яамны мэдээллээр covid-19 шалтгаант нас баралтын тоонд оруулсан байгаа. Энэ сарын 25-ны өглөө тухайн нярай гэртээ нас барсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвд 25-ны өглөө 07:00 цагийн үед нярай амьсгалахгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу яаралтай түргэн тусламж очиход хэдийнэ нас барсан байсан.
Аавынх нь аман мэдүүлгээр 03:00 цагийн үед сүү өгч, угжихад нярайн биеийн байдал хэвийн байсан гэсэн. Харин 06:00 цагт өрхийн эмч рүүгээ манай хүүхэд амьсгалахгүй байна гэж залгасан. Улмаар өрхийн эмч яаралтай түргэн тусламж дуудаж, 07:09 цагт эмч нар очиход хүүхэд хөшилтийн байдалтай, нас бараад 2-3 цаг болсон байна гэдэг дүгнэлтийг эмч бичсэн байна.
Тухайн нярайн ээжээс зургадугаар сарын 17-нд халдвар илэрсэн бөгөөд хүүхдээс хоёр удаагийн давтан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Гэр бүлийнх нь хүмүүс өөрсдийн хүсэлтээр эмнэлэгт хэвтэхээс татгалзаж гэртээ тусгаарлагдсан. Гэтэл ээжийнх нь бие муудаж, амьсгаадах, халуурах шинж тэмдэг илэрч биеийн байдал нь эрс муудсан учир Хан-Уул дүүргийн Ачтан эмнэлэг рүү хүргэхэд хөхүүл хүүхэдтэй эхийг авахгүй гэсэн тайлбар өгч буцаасан. Гэр бүлийн зургаан гишүүнээс хоёр сартай хүүхэд л сөрөг гарсан учир маш эрсдэлтэй байсан.
Тийнхүү зургадугаар сарын 21 болон 24-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төвөөс эм, тан аваачиж өгөхөөр очиход хүүхдийн бие байдал хэвийн байсан болохыг мэдээлсэн. Харамсалтай нь 25-ны өглөө нь нас барсан. Хүүхэд нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар задлан хийхийг хүссэн ч Covid-19 ойрын хавьтал гэдэг шалтгааны улмаас задлан хийх боломжгүй болсон.
Холбоотой мэдээ