ОХУ-ын хилийг зөрчиж, гал нээхэд хүргэсэн гэх “HMS Defender” байлдааны хөлөг болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын армитай холбоотой Батлан хамгаалах яамны нууц бичиг баримт Кентийн автобусны буудлаас олджээ.
Нууц бичиг баримтад хоёр чухал асуудлын талаар дурдсан байсны нэг хэсэг нь өнгөрсөн долоо хоногт “HMS Defender” хөлөг онгоц Крымийн хойгийн дэргэдүүр өнгөрч Украины усанд хүрэхэд ОХУ-ын талаас үзүүлж болзошгүй олон хариу үйлдлийн талаар авч хэлэлцсэн байх аж. Харин нөгөө хэсэгт АНУ, НАТО-ын цэргүүд Афганистаныг орхисны дараа Нэгдсэн Вант улс цэргийн тусламж үзүүлэх талаар төлөвлөгөөг бичсэн байна. Иймд нууц бичиг баримттай холбоотой асуудлаар Засгийн газар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Их Британийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр ажилтан нь чухал бичиг баримт алдагдсаныг илтгэж байсан талаар мэдээлээд, илүү нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.
БИЧИГ БАРИМТ ХААНААС ОЛДОВ?
Нууц бичиг баримт бараг 50 хуудастай, нутгийн цагаар энэ сарын 22-ны өглөө Английн зүүн өмнөд нутгийн Кент хотын автобусны буудлын ойролцоох овоолсон шавар дундаас олджээ. Бичиг баримтыг олсон иргэн нэрээ нууцлахыг хүсч, болсон явдлын талаар BBC агентлагт мэдээлжээ.
Бичиг баримтууд дунд байх цахим шуудан болон “Microsoft powerpoint” илтгэлийн үзүүлэнгүүдийг Батлан хамгаалах яамны ахлах албан тушаалтны албан өрөөнд үйлдсэн байж болзошгүйг BBC агентлаг мэдээлсэн байна.
“HMS DEFENDER” ХӨЛГИЙГ УКРАИНД ХЭРХЭН ХҮРГЭХ ТАЛААР ЮУ ЯРИЛЦАВ?
Нууц бичиг баримтуудын нэг хэсэг Нэгдсэн Вант улсын Хатан хааны тэнгисийн цэргийн 45 дугаар ангиллын HMS Defender байлдааны хөлөгтэй холбоотой мэдээллээс бүрдсэн аж.
Эргэн санавал, ОХУ-ын 2014 онд Украинаас булаан авсан Крымийн хойгийн эргээс 19 км зайд Хар тэнгист энэ сарын 23-нд Их Британийн хөлөг Оросын хилээс дотогш гурван км орчим нэвтэрчээ. Тиймд Москва тус хөлөгт анхааруулах зорилгоор хоёр эргийн харуулын хөлөг, 20 гаруй сөнөөгч онгоц илгээжээ. Эргийн харуулын хөлгүүд анхааруулах гал нээж, СУ-24 онгоц хөлгийн явж байсан чиглэл дэх аюулгүй зайд дөрвөн бөмбөг хаяж, буцааж явуулсан юм. Тухайн үед хөлөг нь ийнхүү хил зөрчсөнийг Нэгдсэн Вант улсын Батлан хамгаалах яам үгүйсгэж, “Их Британийн хөлөгт ямар нэг анхааруулга ирээгүй, хөлөг ердөө Украины эзэмшилд нэвтрэхээр явж байсан” гэж тайлбарлаж байв.
Гэвч дээрх нууц бичиг баримт дээр бүрэн зэвсэглэсэн, нисдэг тэргээ ачсан “HMS Defender” хөлөг Оросын хилд нэвтрэхэд Москва ширүүн хариу арга хэмжээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа талаар дурджээ.
Нууц баримт дээрх мэдээллүүдээс харахад тус үйл явдал нь “Детройт ажиллагаа” нэртэй даалгавартай холбоотой бололтой. Тухайлбал, энэ сарын 21-нд тус ажиллагааны талаар дээд албан тушаалтнууд хэлэлцсэн, тухайн үед “HMS Defender” хөлөг Крымийн ойролцоо явахад ОХУ ямар хариу үзүүлэхийг албаныхан таамаглан ярилцжээ.
Түүнчлэн Их Британийн Нортвуд дахь гурван чиглэлд хамтарсан удирдах байранд болсон хэлэлцүүлэг дээр сүүлийн үед Газар дундын тэнгисийн дорно хэсэгт Оросын арми болон “HMS Queen Elizabeth” хөлгөөр ахлуулсан салааны хооронд таамагласны дагуу таагүй харилцаа үүссэн болохыг дурдсан байж. Мөн өөр нэг хуудас дээр “Батлан хамгаалахын төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээс хойш ОХУ-ын тэнгисийн цэрэг болон нисэх хүчин хоорондын уялдаа холбоо илүү нягт, бат бөх болох магадлал өндөр байна” хэмээн анхааруулжээ.
Бусад үзүүлэнгийн хуудаснуудаас үзэхэд байлдааны хөлгийг явуулж болох хоёр замын талаар авч хэлэлцсэн байна. Эхний зам нь “Одессагаас Батуми хүрэх мэргэжлийн бөгөөд шууд зам”. Энэ нь Крымийн баруун урд үзүүртэй ойрхон өнгөрөх богино маршрут байх аж. Энэ замын дагуу бол хөлөг Их Британийн тодорхойлсончлон Украины эзэмшилд хялбар нэвтэрч, Засгийн газартай нь холбоо барих давуу талтай юм. Харин Оросын талаас үзүүлэх хариу үйлдлийг “Аюулгүй бөгөөд мэргэжлийн”-ээс “Аюултай бөгөөд мэргэжлийн бус” хүртэл гурван янзаар таамагласан байна. Тэгтэл Москва хэрэг дээрээ маш ноцтой хариу үзүүлж, холбоогоор анхааруулга илгээхээс гадна эргийн харуулын хөлгүүд 100м-ээс илүү ойртож, сөнөөгч онгоцнууд тойрон эргэлдсэн билээ.
Тэгвэл өөр нэг зам нь хөлгийг маргаантай хэсгээс холуур тойруулан явуулахаар байжээ. Хоёр дахь замыг сонгосон тохиолдолд хөлөг ямар нэг асуудалд оролгүй Украинд хүрэх давуу талтай боловч ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн хэсгийг хүлээн зөвшөөрч, түүгээр дайрахаас айсан мэт Москвад харагдах эрсдэлтэй байжээ.
Харин эцэст нь Нэгдсэн Вант улсын Засгийн газар эрсдэлийг үл тоон Украиныг дэмжиж байгаагаа харуулсан товч замыг сонгохоор шийдсэн аж.
ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА БАЙВ УУ?
Ийнхүү байлдааны хөлгийг илгээсэн нь Москваг өдөөн хатгах бус, дипломат ажиллагааны зорилготой холбоотой бололтой. Тухайлбал, дээрх ажиллагаагаар Нэгдсэн Вант улс Москва 2014 онд Крымийг булаан эзэлснээс хойш Украины тусгаар тогтнол, эрх чөлөөг дэмжиж байгаагаа харуулах зорилготой байжээ.
НҮБ-ын 1982 оны далайн хуулийн конвенцийн дагуу бол дайран өнгөрч яваа гадаад орны хөлөг онгоц “Ойролцоох эргийн улсын энх тайван, аюулгүй байдал, сайн сайханд илт халтай үйлдэл гаргаагүй” бол түүнийг “гэмгүй” гэж үзэх ёстой аж. Түүнчлэн үл ойлголцол гарсан тус хэсгийг хэд хэдэн улс Оросынх биш, Украиных хэмээн үздэг билээ.
НУУЦ БИЧИГ БАРИМТАД ӨӨР ЮУ ДУРДАВ?
Дээрхээс гадна тус бичиг баримтад Нэгдсэн Вант улс Европтой өрсөлдөх зэвсгийн экспортын кампанит ажил зэрэг салбаруудын тухай бичжээ. Түүнчлэн энэ сарын 14-нд Их Британи, АНУ-ын хооронд болсон батлан хамгаалахын яриа хэлэлцээний товч танилцуулга, тэр дундаа Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа хүлээн авснаас хойш эхний саруудад хийсэн ажлуудын талаар ажиглалт багтсан байна.
Тэгэхдээ Нэгдсэн Вант улсын тал Жо Байденг Хятад, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт анхаарлаа хандуулсаар байгаа нь өмнөх засаглалын бодлогыг үргэлжлүүлж буй явдал гэж дүгнэсэн байна.
АФГАНИСТАНЫ ТАЛААР ЮУ ӨГҮҮЛЭВ?
Нууц бичиг баримтад хавсаргасан “Зөвхөн Нэгдсэн Вант улсын нууц” хэмээх хаягтай нэгэн хавтаст АНУ, НАТО цэргээ татаж буй ажиллагааны дараа Афганистанд хэрхэн тусалж болох талаар дурдсан байна.
Тэгэхдээ АНУ-ын Нэгдсэн Вант улсаас хэд хэдэн чухал салбарт хүссэн хүсэлтийг хэлэлцэж, Вашингтон бүх цэргээ татаж дууссан ч Их Британийн тусгай хүчин Афганистанд үлдэх эсэх асуудлыг хөнджээ. Зарим хэвлэл мэдээллүүд ч өмнө нь Их Британи зарим цэргээ Афганистанд үлдээж магадгүй талаар мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: BBC