Бельги vs Португал: Аваргыг давж аварга

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Бельги vs Португал: Аваргыг давж аварга

Бельги vs Португал: Аваргыг давж аварга

Хэсгийн шатанд сайн тоглосон Бельгийн шигшээ болон үхлийн хэсгээс гарч ирсэн Португалын шигшээ багуудын тоглолт өнөөдөр/2021.06.27/ шөнө 03:00 цагаас Ла Картужа цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Бельгийн шигшээ "B" хэсгээс есөн оноотой төвөггүйхэн хасагдах шатанд шалгарсан. Харин Португалын шигшээ баг хэсгийн гурван тоглолтдоо нэг тэнцэж, нэг хожигдож, нэг хожил байгуулж дөрвөн оноотой гутгаар байраар хасагдах шат руу орж ирсэн билээ. Хоёр багийн аль хожсон баг нь Италийн шигшээ багийн эсрэг тоглоно. Тэдний тоглолт энэ хасагдах шатны хамгийн үзүүштэй, олны анхаарлыг татсан тоглолт байх нь дамжиггүй. Бельгийн шигшээ энэ Европын аваргад түрүүлэх өндөр магадлалтай багуудын нэг. Тэгвэл тэд өнөөдөр аваргуудыг ялж, аварга болох замаа засах уу? 

Хоёр багийн хувьд хоёуланд нь ямар нэгэн гэмтэлтэй тоглогч байхгүй байгаа нь сайшаалтай хэрэг. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүр тулна. Бельгийн шигшээ дундын шугамын гол тоглогч Кевин Дэ Бройнгүй эхлүүлсэн ч одоо ямар ч асуудалгүй эргэн багтайгаа нэгдсэн байгаа. Улаан Чөтгөрүүдийн ерөнхийдөө хамгаалалт, довтолгоо тэнцвэртэй байгаа. Португалчуудын довтолгоо онц сайн байж хэсгийн гурван тоглолтод долоон гоол оруулсан. Харин эсрэгээрээ хаалгандаа зургаан гоол алдсан нь хамгаалалт тааруу байгааг илтгэнэ. Фернандо Сантос дасгалжуулагч хамгаалалтдаа анхаарал хандуулах нь гарцаагүй. Тэдний эсрэг Ромелу Лукаку тэргүүтэй Бельгийн хүчирхэг довтолгоо байгаа учир маш нарийн төлөвлөгөөтэй гарж ирэх болов уу.

Онцлох тоглогч:

Португалын шигшээ багийн хувьд Роналду дээр хамгийн тус болох ёстой тоглогч бол маргаангүй Бэрнардо Силва. Гэвч тэр хэсгийн тоглолтод маш муу тоглож, хүлээлтэд хүрж чадсангүй. Түүний хэсгийн тоглолтын статисткыг харвал дөрвөн алдаа гаргасан гэхээс өөр онцын статистик алга. Хасагдах шатны тоглолтод Бельгийн эсрэг Силва хэрхэн багтаа тус хүргэхээс шалтгаалж Португалийн хожих эсэх шалтгаалж ч болох юм.

Харин нөгөө талд бэртлээсээ болж эхний тоглолтоо өнжсөн ч хоёр дахь тоглолтод сэлгээнээс гарж ирэн багтаа хожил авчирсан Кевин Дэ Бройныг онцлохоос өөр аргагүй юм. Түүнийг талбай дээр байгаа үед багийн довтолгоо, хамгаалалт сайжирч эхэлж байгаа нь аль хэдийн багийнхаа итгэл найдвар, амин сүнс болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр өнгөрсөн улирлын Премьер лигт 12 гоолын дамжуулалтыг өгөөд амжсан бөгөөд түүнийг хэрхэн тоглохоос хамаарч Бельгийн хувь заяа шийдэгдэх юм.

Чих тавих тоглогч:

Бруно Фернандесийн тоглолт болж өгөхгүй байгаа энэ үед Ренато Санчес өөрийгөө маш сайн батлан харуулж байгаа. Тэрээр хэсгийн тоглолтод нийт 159 минутыг талбай дээр өнгөрүүлсэн бөгөөд хамгаалалт, довтолгоо аль аль тал дээрээ идэвхтэй, дайчин байлаа. Түүний энэ идэвхтэй тоглолт хүчирхэг Бельгийн эсрэг тоглоход маш чухал учир Ренато Санчесийн үр нөлөө багтаа маш том тус үзүүлэхээр байна.

Тоглолтын статистик:

  • Хоёр баг бүх тэмцээнийг оролцуулаад нийт 11 удаа учраа таарч байжээ. Бельгийн шигшээ гурван тоглолтод хожсон бол Португалын шигшээ мөн гурван тоглолтод хожил байгуулсан байна. (5 удаа тэнцэж байв.)
  • Хоёр баг түүхэндээ анх удаагаа том тэмцээнд (Дэлхийн Аварга, Европын Аварга) нүүр тулах гэж байна.
  • Бельгийн шигшээ баг сүүлийн таван том тэмцээндээ (Дэлхийн Аварга, Европын Аварга) бүгдэд нь хасагдах шатанд шалгараад байгаа аж.
  • Ромелу Лукаку 2018 оны ДАШТ-аас хойш шигшээ багийнхаа төлөө бүх тэмцээний хүрээнд 21 тоглолтод 23 гоол оруулжээ.
  • Бельгийн шигшээ баг Европын Аварга Шалгаруулах тэмцээний хүрээнд сүүлийн 13 тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулаад байна.
  • Португалын шигшээ баг Европын Аварга Шалгаруулах тэмцээний хүрээнд сүүлийн 25 тоглолтынхоо 23-т нь хожигдоогүй байна.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж