Өдрийн тойм: Дани финал хүрэх үү? Итали цом өргөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: Дани финал хүрэх үү? Итали цом өргөх үү?

Өдрийн тойм: Дани финал хүрэх үү? Итали цом өргөх үү?

Уэльс 0 – 4 Дани

Хэн нь ч хэнийгээ хожиж болохуйц хоёр тэнцүүхэн багийн тулаанаар ЕВРО 2020-ийн хасагдах шатны тоглолтууд эхэлсэн. Кристиан Эриксэн, Юсүф Полсон гэсэн хоёр супер одынхоо эзгүйд Данийн баг өнөөх сайн тоглолтоо үзүүлсэн хэвээр л байлаа. Тоглолтын эхний 15 минутад Уэльсчууд тэр дундаа Гарет Бэйл торгуулийн талбайн гаднаас хэд хэдэн цохилтыг хийсэн ч хаалгаа онж чадаагүй. Харин түүнээс хойшх 75 минут бүхэлдээ л Данийн давамгайлал дор явагдсан. Тоглолтын эхний гоолыг Карл Долбэрг 27 дахь минутад оруулсанаар Уэльсийн баг заавал довтлох шаардлагатай болсон. Уэльсийн багийн хагас хамгаалалтын гол тамирчид болох Аарон Рамзи, Жо Аллэн нарыг Данийн хагас хамгаалагчид болох Дэлани, Хоёбэрг нар “тоглуулаагүй” гэж хэлж болно. Уэльсийн баг довтлох хэрэгтэй байсан ч тэд төдийлөн сайн бөмбөг эзэмшиж чадахгүй хэвээр байсан. Тоглолтын хоёрдугаар үе эхэлмэгц эхний гоолын эзэн Долбэрг дахин нэг гоол өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэснээр Данийн баг дараагийн шатанд шалгарах магадлал бараг 90% тай болсон гэж хэлж болно. 

Үүнээс хойш Уэльсийн баг бага зэрэг илүү бөмбөг эзэмшиж байсан ч тэд гоол оруулах аргаа олоогүй юм. Тоглолтын турш таван удаа хаалганд цохьсоноос ердөө нэг нь л хаалгаа оносон гэсэн маш муу үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан.

Тоглолтын дараа багийн ахлагч Гарет Бэйл хэлэхдээ “Бид эхний 20-25 минутанд маш сайн тоглолтыг үзүүлж тоглолтын хэмнэлийг өөрсдийнөө талд барьж байсан. Хоёр дахь гоол орсоны дараа бид ингээд л хасагдаж байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ залуус маань бүхий л хүч чадлаа дайчилсан хэвээр байсан. Залуус маань хэдий ялагдаж байсан ч талбай дээр орилж, хамаг хүчээ дайчилж, хожихын төлөө мэрийж байсанд би баяртай байна. Данийн багт амжилт хүсье” хэмээсэн.

Ингэснээр Данийн баг дараагийн шатанд Нидерланд Чехийн багуудын хожсонтой нь тоглох эрхтэй боллоо.

Итали 2 – 1 Австри

Хэсгийн шатанд дийлдэшгүй байсан Робэрто Манчинигийн залуус өнгөрөгч шөнийн тоглолтод тун хэцүү байдалд орсон юм. Тоглолтын эхэнд Италичууд сайн тоглолтоо үзүүлж байсан ч тоглолтын хоёр дугаар үе тэр чигтээ  Австрийн багийн давамгайлал дор өндөрлөсөн. Хоёр баг хоёул маш нээлттэй тоглолтыг үзүүлж хаалгаруу нийт 43 удаа цохьсон ч гоол оруулах боломжуудаа алдаж байсан. Италийн баг тоглолтын эхний үед нэг удаа хаалганы хөндлөвч оносон нь тэдний хамгийн аюулатай довтолгоо байв. Харнин хоёр дугаар үед Италичууд тийм ч олон аюултай боломж үүсгэж чадаагүй бол тоглолтын 68 дахь минутад Австрийн багийн довтлогч Арноутович Донарумагийн хаалгыг “мялаасан” гэсэн ч гоолын дараа шүүгч бичлэг үзэн уг гоолыг отон тоглолт байсан хэмээн тооцоогүй. 

Ингэснээр тоглолтын үндсэн цагт хоёр баг хуурай тэнцэж нэмэлт цагт тоглолтын хувь заяа шийдэгдэхээр болсон. 

Нэмэлт цаг эхлээд ердөө таван минут өнгөрч байхад Ювентус клубын хагас хамгаалагч Фэдэрико Кьеза алсаас ирсэн дамжуулалтыг баруун хөлөөрөө тогтоон зүүн хөлөөрөө гоол оруулж өөрийнхөө ур чадварыг харуулсанаар Италичууд тоглолтыг тэргүүлэх болсон. Энэ гоолоос 10 минутын дараа мөн л сэлгээгээр орж ирсэн хагас хамгаалагч Мэтео Пэссина гоол оруулсанаар Аззуричууд тоглолтын тооны харьцааг 2:0 болгосон. Гэсэн Австрийн баг бууж өгөлгүй тоглолтын 114 дэхь минутанд Серби гаралтай довтлогч Калайджич гоол оруулж 2:1 болгосон ч энэ нь хэтэрхий хожимдсон гоол байсан юм.

Тоглолтын шилдэгээр өнөөх Спиназолла дахин тодорсон бөгөөд тэр энэ тоглолтын талаар: “Хэн илүү тэвчээртэй байсан нь ялж чадлаа гэж бодож байна. Бид өөрсдийн тоглолтоо алдаж бүгд хамгаалж байсан. Австрийн багийн биеийн хүчний тоглолт үнэхээр сайн юм. Бид маш их ядарлаа. Гэхдээ бид сайн байж гоол алдахаасаа өмнө хоёр гоол оруулаад амжсан.” хэмээсэн.

Италийн багийн өнгөрсөн 10-р сараас хойш хаалгандаа гоол алдаагүй гэсэн амжилт энэ хүрээд зогсож байгаа бол тэд 12 тоглолт дараалан ялалт байгуулж өөрсдийн түүхэн амжилтаа эвдлээ.

Тэдний дараагийн учраа Бельги болон Португалийн багуудын хожсон нь байх юм.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж