Улсын хэмжээнд энэ долоо хоногт нийт 16143 хүн Covid-19 халдвар авсан нь батлагдаж, эмнэлгийн болон гэрийн тусгаарлалтад байгаа. Мөн хүнд байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нас баралт буурахгүй байгааг салбар яамны ээлжит мэдээллийн үеэр онцолсон билээ. Тухайлбал, сүүлийн хоногт хоёр сартай нярай нэн хүнд хэлбэрээр эмнэлэгт гурав хоног эмчлүүлж байгаад нас барсан.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Хоногт бүртгэгдэх халдварын тоо огт буурахгүй байна. Эрдэмтдийн зүгээс дархлаажуулалтын үр дүн гарч, ирэх сард халдварын тохиолдол буурах тооцоололтой байгаа ч батлагдсан тохиолдол 2000-аас дээш бүртгэгдсэн хэвээр байна. Одоо нэн тэргүүнд анхаарах зүйл бол вакцин хийлгээгүй хүмүүс олон нийтийн газраар явахгүй байх, аль болох иргэд гэрээр өөрсдийгөө тусгаарлах шаардлага үүслээ. Учир нь өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9450, хүндэвтэр 3352, хүнд 1095, маш хүнд 241 хүн байна.
Хөнгөн шинж тэмдэгтэй ихэнх хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Гэвч эмнэлгийн орны хүрэлцээ дүүрч, хүнд болон зарим хөнгөн өвчтнүүдийг коридорт хэвтүүлэхээс өөр сонголтгүй байна. Иргэд өөрийгөө хянаж ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээсээ гарахгүйгээр харьяа өрхийн эмнэлэгтэйгээ холбогдохыг зөвлөж байна.
Covid-19-өөр өвдсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа бүх хүнийг хүлээн авах боломжгүй. Эмнэлэг болон тусгаарлалтын сувилалуудын ихэнх нь оргүй болж, коридортоо өвчтнүүдийг хүлээн авч байна.
Одоогийн байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсан суурь өвчтэй хүмүүсээс халдвар илэрч байгаа ч жирэмсэн болон бага насны хүүхдийн өвчлөлийн тохиолдол маш өндөр байна. Иймд иргэд та бүхэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүний 2554 нь хүүхэд байгаа юм. Тиймээс хүүхдээ аль болох гэрээсээ гаргахгүй байхыг анхаарууллаа. Маргаашнаас нийслэлд 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.
Холбоотой мэдээ