Зургадугаар сарын хамгийн халуун өдөр өнөөдөр тохиож, говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч халж байна.
Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар өнөөдөр хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халж байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрч байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатарт 32 градус хүрч халж байна.
Харин ирэх Даваа гаригт дуу цахилгаантай аадар бороо орж цаг агаар сэрүүснэ.
Энэ жилийн хувьд долдугаар сард олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Одоогоор баяр наадмын өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөв гараагүй байгаа юм байна.
НАРШИЛТЫН ШИНЖ ТЭМДЭГ
Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд илүүтэйгээр өртдөг байна. Тиймээс доорх зөвлөмжийг хүргэж байна.
- Наранд аль болох бага явах
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах
Холбоотой мэдээ