НҮБ-ыг ажилгүй залуучууд түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

НҮБ-ыг ажилгүй залуучууд түгшээж байна

2010 онд дэлхийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэггүй өсвөрийн залуу үеийнхний  тоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дээд хэмжээнд хүрч, нийгмийн сэтгэлийн гутрал, гэмт хэрэг, хүч хэрэглэх үйлдэл үүсэн бий болгох суурийг бүрдүүлж байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага пүрэв гаригт мэдээлсэн байна.

НҮБ-ын энэхүү агентлагийн мэдээлснээр эдүгээ манай гариг дээр 15-24 насны 81,2 сая залуус ажилгүй байна гэсэн тооцоо гаргажээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн 2007 оны эцэс, 2009 оны шувтаргаар ажилгүй залуусын тоо 7,8 саяар нэмэгджээ.

ОУХБ-аас гаргасан тайланд “Ажил олох боломжгүй болсон залуусын дунд ямарч хэрэгцээгүй, идэвхгүй болсон сэтгэгдэл төрүүлж, гэмт хэрэг үйлдэх, сэтгэцийн эрүүл мэнд нь хэвийн бус болох, хүч хэрэглэх, мөргөлдөөн үүсгэх, мансуурах бодисонд донтох явдлыг нэмэгдүүлж байна” гэж тэмдэглэсэн байна. Энэхүү тайланд 2011 онд ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуусын тоо аажмаар өсөн нэмэгдэх бөгөөд Ойрхи Дорнод, Хойд Америкийн бус нутгаас бусад газар ажилгүйдэл сэтгэл түгшээсэн хэвээр байх төлөвтэй ажээ.

Хүчтэй эдийн засаг бүхий АНУ, Европийн Холбооны 27 улс, ЕХ-нд элсэж ороогүй байгаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах Улсуудын хувьд ч залуусын хөдөлмөр эрхлэлт ноцтой асуудалтай тулгарч байгаа юм. Гэвч сэтгэл түгшээсэн байдал буурай хөгжилтэй орнуудын хувьд байгаа бөгөөд эдгээр орны залуусын ажил эрхлэлтийн хувь заяа үнэхээрийн түгшүүр төрүүлсэн асуудал болоод байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Буурай хөгжилтэй орнуудын хувьд 14-24 насны залуусын 90 хувь нь хөдөлмөр эрхлэлтийн хүнд асуудалтай тулгарч байгаа ба тэд нарын зарим нь ажил хийж байгаа боловч ажиллах цагийг багасгах, цалин бууруулах зэрэг дарамт шахалтыг биеэрээ даван туулж байгаа ажээ.

2008 онд дэлхийн хэмжээнд 152 сая өсвөр, залуу насныхан ямар нэгэн төрлийн хөдөлмөр эрхэлж байсан боловч өдөрт 1 доллар 25 цент хүрэхгүй шахуй хөдөлмөрийн хөлс авч байгаагаас ядуурлаас гарах боломж тэдэнд олдоогүй байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүсийг бодвол өсвөр, залуу үеийнхэн ажил эрхлэх боломжтой болох явдал илүү удаашралтай явагдах төлөвтэй гэсэн дүгнэлтийг хийжээ.

ОУХБ-ын ерөнхий захирал Хуан Сомавиа дэлхийн баян болон ядуу орнуудын засгийн газруудад хандан орон болгонд нийтлэг болж байгаа энэхүү сөрөг чиг хандлагатай тэмцэхийн тулд өөрийнхөө орны залуу үеийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд гол анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн байна. Тэрээр “Залуучууд бол аливаа улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл. Энэ боломжийг тэдэнд бий болгож өгөхгүй бол тэд эдийн засгийн хаягдал болж хувирна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж