Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, иргэд зул өргөв

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, иргэд зул өргөв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


 

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАНГАРГАА ӨРГӨН, АЛБАН ҮҮРЭГТЭЭ ОРОВ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт  тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх анхны төрийн тэргүүн гэдгээрээ онцлог.

Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх зургадугаар сарын 9-ны өдөр болсон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 60 гаруй хувийн саналаар үнэмлэхгүй ялалт байгуулан сонгогдсон юм.


ЦАР ТАХЛЫН УЛМААС НАС БАРСАН ИРГЭДЭЭ ХҮНДЭТГЭН ЗУЛ ӨРГӨВ

Монгол Улсад Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 505 хүн нас бараад байна. Нийслэлийн иргэд Covid-19 цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-ийн орой зул өргөлөө. Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10 Covid-19-ийн анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн.  Засгийн газраас хөл хорио тогтоож, иргэд ч амны хаалтаа сайн зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталснаар 2020 оны арваннэгдүгээр сарыг хүртэл дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харамсалтай нь халдвартай иргэдийг тусгаарлаж байсан Энх-саран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаар дотоодод халдвар тархсан. Өдгөө цар тахлаар 107,262 хүн халдварлаж, 505 хүн нас бараад байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА СҮҮЛЧИЙН ЗАРЛИГААРАА 13 ХҮНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зургадугаар сарын 24-ны өдөр зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлж, зарлиг гаргажээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн, мөн анх удаа хулгайн хэрэг хийсэн эмэгтэйчүүд багтжээ. Ийнхүү тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацааны сүүлчийн зарлигаараа шоронд ял эдэлж буй хүмүүст уучлал үзүүлсэн юм.

Түүнчлэн Х.Баттлуга Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн нэг сарын хугацаанд 18 мянган ширхэг төрийн одон, медалийг тараасан ба олон хүнийг бөөгнөрүүлсэн гэх шүүмжлэлийг удаа дараа сонссон юм.


АЖ АХУЙ НЭГЖҮҮД УОК-ЫН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос зурагдугаар сарын 23-нд мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж, челленж эхлүүлсэн. Челленжэд нэгдсэн аж ахуй нэгжүүд заалаар үйлчилж, эсэргүүцлээ илэрхийлсэн боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтаас шуурхай ажиллан зарим газрыг торгосон нь маргаан дагуулсан юм.

Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургадугаар сарын 26-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулав. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 2510 аж ахуйн нэгжээс 530 нь өнөөдөр “Хариуцлагын гэрээ” байгуулж, зөвшөөрлөө авчээ.

Аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчвөл эхний ээлжид сануулах, улмаар Зөрчлийн тухай хуулиар торгох хүртэл арга хэмжээ авна.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцохоор УОК-оос албажсан хэд хэдэн заалтыг гэрээнд тусгасан. Одоогоор 3700 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, ресторан, кафе, кофе шопоос гадна цайны газруудыг хянана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж