Тоглолтын өмнө: Азтай учраа Дани vs Уэльс

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Азтай учраа Дани vs Уэльс

Тоглолтын өмнө: Азтай учраа Дани vs Уэльс

Европын 16 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны эхний тоглолт болох Дани, Уэльсийн шигшээ багууд өнөөдөр (2021.06.26) шөнө 00:00 цагаас Голландын нийслэл Амстердам хотын Йохон Круфф цэнгэлдэх хүрээлэнд нүүр тулах гэж байна.

Хоёр баг хоёулаа хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Уэльсийн шигшээ баг "А" хэсгийн хоёрдугаар байраар Италийн шигшээ багийн араас дөрвөн оноотой дараагийн шатанд шалгарч чадсан бол Данийн шигшээ багийн хувьд хүнд нөхцөл байдлаас "B" хэсгийн хоёрдугаар байраар Бельгийн шигшээ багийн араас гурван оноотой шөвгийн 16 руу орсон. Хоёр багийн хожсон нь дараагийн шатанд Нидерланд болон Чехийн шигшээ багуудын аль хожсонтой хүч үзэх билээ.

Хасагдах шатны тоглолтуудын үйлдэл бүр чухал. Учир нь бүх зүйл нэг тоглолтод шийдэгддэг. Тиймээс Уэльс, Данийн шигшээ багуудыг маш чухал тоглолт хүлээж байна.

Хоёр багийн мэдээлэл:

Уэльс

Уэльсийн шигшээ багаас өнөөдрийн тоглолтод залуухан хамгаалагч  Этан Ампаду улаан хуудсын торгуулийн улмаас оролцохгүй. Сайн мэдээ нь ямар нэгэн гэмтэлтэй өөр тоглогч байхгүй байна. Роб Пейж дасгалжуулагч үндсэн бүрэлдэхүүнээ (4-2-3-1) илгээх болов уу. Луунуудын хамгаалалтыг сайшаах хэрэгтэй. Тэдний хамгаалалт хэсгийн гурван тоглолтод хаалгандаа ганцхан гоол алджээ. Төвийн хамгаалалтын ноён нуруу болоод буй Крис Мепам, Жое Родон нар тун онцгой байгаа юм. Залуухан хослол тэмцээн дуусгаад буйр сэлгэж магадгүй. Хамгаалалтаас гадна тэд жигд, сайн довтолж байгаа.

Туршлагатай, Европын топ тоглогчдын нэг Гарет Бэйл байгааг мартаж болохгүй. Мөн зүүн жигүүрт Манчестер Юнайтэд клубын залуухан довтлогч Даниель Жэймс байгаа билээ. Хурдтай, цохилт сайтай. Данийн хүчирхэг хамгаалалтын эсрэг хэрхэн тоглохыг харах үлдлээ.

Дани

Кристиан Эриксен эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглох боломжгүй болсон нь тэдний довтолгооны шугам гэлтгүй багт том гарз тохиосон. Дундын шугамын гол тоглогчоо алдсан даничууд өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Тэд маш хэцүү нөхцөл байдлаас шөвгийн 16 руу орж ирсэн билээ. Тэдний хувьд шөвгийн дөрөв рүү орж ирэх багуудын нэгээр нэрлэгдэж, хөлбөмбөгийн фанатууддаа хүлээлт үүсгээд байгаа.

Каспер Хюлманд дасгалжуулагч өнөөдөр 3-4-3 хувилбараар тоглох магадлал өндөр байна. Хаалган дээр Европын топ хаалгачдын нэг Каспер Шмэйхель бий. Үндсэн гурван хамгаалагчаар Симон Киайр, Андреас Криститенсен, Яанник Вестергаард нар гарна. Дундын шугамд энэ Еврод тун онцгой тоглож буй Пиерре Эмиле Хоеберг гарна.

Онцлох тоглогч:

Данийн шигшээ багийн довтолгооны гол тоглогч болоод буй Юсуф Поулсен нь онцлохгүй байхын аргагүй тоглож, үүргээ биелүүлж байгаа билээ. Хэсгийн гурван тоглолтод Поулсен 2 гоол оруулаад амжсан. Ойрын хэдэн жилдээ Данийн шигшээ багийн урд шугамыг авч явах тоглогч. Одоо Германы Лейпциг багийн төлөө хүчин зүтгэдэг юм. Поулсен хэр тоглохоос Данийн багийн ирээдүй шалтгаалах юм.

Нөгөө талаас Уэльсийн шигшээ багийн үзүүрийн довтлогч Киеффир Мүүрийг онцолж байна. Тэрбээр хэсгийн гурван тоглолтод оролцож, нэг гоол оруулаад байна. Киеффир Мүүр бол Уэльсийн шигшээ багийн үзүүрийн номер нэг довтлогч болоод байгаа юм. Англид нилээн хэдэн жил хүч үзсэн, 28 настай залуу билээ. Одоо улсынхаа Кардифф Сити клубын төлөө тоглодог.

Чих тавих тоглогч:

Тэрбээр Данийн шигшээ багийн өмсгөлтэй Европын Аваргад хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болсон. Миккел Дамсгаард нь Италийн Сампдориа клубт хүчин зүтгэдэг бөгөөд 20 нас шүргэж яваа тоглогч. Энэ Еврод тун сайн тоглож буй залуучуудын нэгээр тодроод буй. Түүний гал цогтой, дайчин тоглолт Данийн шигшээ багийг дараачийн шатанд шалгарахад том тус үзүүлэх юм. Магадгүй энэ тэмцээний дараа олон клуб түүнийг сонирхох болов уу.

Тоглолтын статистик:

  • Хоёр баг түүхэндээ 10 удаа учраа таарч тоглож байсан бөгөөд дөрвөн тоглолтод Уэльсийн шигшээ баг хожсон бол зургаан тоглолтод Данийн шигшээ баг хожсон байна. Нэг ч тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байгаагүй байна.
  • Данийн шигшээ баг Уэльсийн шигшээ багийн эсрэг учраа таарсан сүүлийн гурван тоглолтдоо хожоод байгаа аж.
  • Данийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч хасагдах шатанд шалгарсан анхны баг болжээ.
  • Уэльсийн шигшээ баг бүх тэмцээний хүрээнд сүүлийн 16 тоглолтдоо ердөө хоёрхон хожигджээ. (10 хожил, 4 тэнцээ)
  • Уэльсийн шигшээ баг түүхэндээ Европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож байсан буюу бүгдэд нь хасагдах шатанд шалгарсан байна.
  • Хэсгийн сүүлийн тоглолтод Миккел Дамсгаард Оросын шигшээ багийн эсрэг гоол оруулсан тэрбээр Данийн шигшээ багийн өмсгөлтэй гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон байна.
  • Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Пиерре Эмиле Хожберг хэсгийн гурван тоглолтод гурван гоолын дамжуулалт өгчээ. Энэ нь Данийн шигшээ багийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж