Тоглолтын өмнө: Аззуричууд түүхээ шинэчлэхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Аззуричууд түүхээ шинэчлэхийн төлөө

Тоглолтын өмнө: Аззуричууд түүхээ шинэчлэхийн төлөө

Хэсгийн шатанд тоглосон багуудаас хамгийн сайн тоглолт үзүүлсэн Италийн шигшээ баг хасагдах шатны тоглолтоо Австрийн эсрэг хийхэд бэлэн болоод байна. Аззуричууд хэсгийн шатанд хагас хамгаалалтын гол ноён нуруу Марко Вераттигүй байсан ч түүнийг орлон гараанд гарсан Сассуоло клубын залуухан хагас хамгаалагч Локатэлли өөрийгөө хэн гэдгийг харуулж чадсан.

Багийн ахлагч Жиоржиа Кьеллини хоёр дахь тоглолтын үеэр бэртэл авсан нь Италийн хувьд байж болох хамгийн муу мэдээ байсан. Аз болж хөнгөн бэртэж, тоглоход бэлэн болсон гэж албаны хүмүүс мэдээлж байна. Гэхдээ дасгалжуулагч Робэрто Манчини эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн, Австрийн багийн эсрэг ахлагчаа амраана гэж мэдэгдсэн. Түүнийг орлон "Лазио" клубын туршлагатай хамгаалагч Франчэско Ачэрби гараанд гарах юм. 

Хоёр багийн тоглолт өнөөдөр (2021.06.26) шөнө 03.00 цагт Лондон хотын Уэмблид цэнгэлдэхэд явагдана.

Австрийн багийн хувьд хэсэгтээ хожих ёстой багуудаа буюу Украин, Умард Македоны багуудыг буулган авч, Нидерландад ялагдал хүлээн хэсгээсээ дэд байраар шалгарсан. Тэдний хувьд ч бага зэрэг бэртэл гэмтлийн асуудал байгаа юм. Хэсгийн сүүлийн тоглолтын үеэр Кристоф Баумгартнэр толгойдоо бага зэргийг бэртэл авсан бол баруун жигүүрийн хагас хамгаалагч Валэнтино Лазаро мөн бэртэлтэй байгаа билээ.

Италийн шигшээ сүүлийн 11 тоглолтдоо нэг ч гоол алдаагүй гайхалтай амжилт тэднийг дагалдаж байна. Өнөөдөр ч энэ тоогоо ахиулахыг төлөө тоглох нь дамжиггүй. Робэрто Манчини өнөөдрийн тоглолтод Марко Вэраттиг гараанд гаргах ба ингэснээр тэдний довтолгооны санаачилга улам эрчимжих нь тодорхой. Олон хувилбарт хувьсаж тоглох чадвартай италичууд тоглолтын эхэнд үндсэн 4-3-3 гэсэн хувилбараараа тоглох хэдий ч энэ нь тоглолтын явцад 4-2-3-1, 3-4-3, 3-5-2 гэсэн хувилбарууд руу хувьсах боломжтой. Тэдний довтолгоо төвийн хамгаалагч Бонуччигаас эхлэх бөгөөд түүний талбайг харах болон алсын дамжуулалтын чадварыг бид бүхэн андахгүй. 

Австричуудын гол зэвсэг мэдээж хэрэг тэдний түүхэнд төрөн гарч ирсэн хамгийн авьяаслаг тоглогчдын нэг Давид Алаба байх юм. Австрийн баг Давид Алабаг хэсгийн шатанд төвийн хамгаалагч болон жигүүрийн хамгаалагчийн байрлалд ашиглаж байсан. Олон талт урт чадвартай Реал Мадридын шинэхэн цэрэг Италийн багийн хамгаалалт, довтолгоонд садаа болох нь ойлгомжтой. Харин үзүүрийн ганц довтлогчоор Арноутович тоглох бол түүнийг дэмжихээр Лэйпзигийн Сабитзэр довтлогчийн ард тоглоно. Австрийн довтолгооны тоглогчид сөрөг довтолгоо болон алсын цохилтоос Италийн хаалгач Доннарумаг сандаргах болов уу. 

Онцлох тоглогч: Марко Вэратти

Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод бэртлийн улмаас оролцож чадаагүй Вэратти энэ удаагийн Италийн багийн гол зэвсэг байх болов уу. Анхны ЕАШТ-даа оролцож байгаа Вэратти довтолгооны гурван тоглогчдоо “чихэр” шиг дамжуулалтууд өгөх нь гарцаагүй. Өнгөрсөн улиралд лигийн хүрээнд түүний дамжуулалтын оновч 92 хувьтай байсан нь түүний хэн бэ гэдгийг илтгэнэ. Андреа Пирлогоос хойш төрөн гарч ирсэн Италийн хамгийн авьяаслаг хагас хамгаалагчийн тоглолт энэ өдрийн төдийгүй энэ тэмцээний үр дүнд үлэмж нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Тоглолтын тухай баримт

  • Австрийн баг Италийг хамгийн сүүлд 1960 онд нөхөрсөг тоглолтод ялсан. Түүнээс хойш 13 удаа тоглохдоо италичууд 10 удаа ялж, 3 удаа тэнцэж байв.
  • Хоёр баг анх удаа ЕАШТ-ийн тэмцээнд учраа тааран тоглох гэж байна. Харин ДАШТ-д 4 удаа таарч тоглосон ба бүгдэд нь Италийн баг нэг гоолын зөрүүтэй ялж байсан.
  • Тэд хамгийн сүүлд 2008 онд нөхөрсөг тоглолтод учраа таарсан бөгөөд тухайн тоглолт 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.
  • Италийн баг сүүлийн 30 тоглолтдоо нэг ч ялагдал хүлээгээгүй байна (25 хожил 5 тэнцээ). Тэд хамгийн сүүлд ийм өндөр амжилтыг 82 жилийн өмнө буюу 1939 онд л үзүүлж байсан.
  • Хэрэв италичууд энэ энэ тоглолтод ялалт байгуулж чадвал 12 дахь дараалсан ялалт нь байх юм. Тэд өмнө нь хэзээ ч ийм олон тоглолт дараалан ялж байгаагүй.
  • Италичууд өнгөрсөн оны 10 сард Нидерландын багт гоол алдсанаасаа хойш 17 цаг 35 минутын тоглолт хийхдээ нэг ч гоол алдаагүй.
  • Робэрто Манчинигийн баг сүүлийн 11 тоглолтдоо 32 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийж, нэг ч гоол алдаагүй.
  • Австрийн баг 1954 оны ДАШТ-ээс хойш анх удаа томоохон тэмцээний хасагдах шатанд шалгараад байна.
  • Австрийн баг Лондонд зургаан тоглолт хийхдээ дөрөвт нь ялагдаж байсан.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж