Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом-38” наадамд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом-38” наадамд түрүүллээ

Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом-38” наадамд түрүүллээ

НЭМЭЛТ: 21.00 ЦАГ

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарав.

"Болор цом-38" наадмын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш Ньюс агентлаг өгсөн ярилцлагадаа "Болор цом”-д иртэйхэн шүлэг унших юмсан л гэж боддог. Гэвч би иртэй шүлэг уншаад байна, миний шүлгүүд л иртэй байна гэж хэлээгүй шүү. Үнэхээр цомын эзэн болохыг хүсдэг, яардаг бол өөр алхам хийж болно шүү дээ. Зөндөө арга байж болно. Би ах, эгч, анд нөхрөө үгүйсгэж, тэд тэгсэн, тэгж авсан гэж байгаа юм биш ээ. Энийг нэг мушгиад, элдэвлээд байх шаардлагагүй. Тэр цом нэг л өдөр шударгаар минийх болно, бариад зогсох болно. Энгийн үед дэлгүүрт байж байдаг шилэн цомыг шударгаар авах нь надад ч, бусдад ч үнэ цэнэтэй болох байлгүй дээ" хэмээн хэлж байв.


"БОЛОР ЦОМ-38" НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом“ наадам цагдаагийн "Сүлд" чуулгад эхэллээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг тус наадмын хоёрдугаар шатанд Ж.Алтангэрэл, М.Амархүү, Н.Баасанжав, Д.Базарсад, Ц.Батгэрэл, Б.Баттулга, Т.Баянсан, Г.Бөртэ-Үжин, О.Цэнд-Аюуш, С.Цэвээнлхаазал нарын 30 найрагчийн шүлгүүд шалгарчээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан "Болор цом-38" наадам үзэгчгүй явагдаж байна.

Найрагчдын сүүлийн шатны уралдаан 2021 оны зургадугаар сарын 19-нд болох байсан ч цар тухлын улмаас өнөөдөр (2021.06.26)-ийг хүртэл хойшилсон билээ. Утга уянгын их наадмыг энэ жил Цагдаагийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан хамтран зохион байгуулж буй юм.

Цагдаагийн байгууллага нь 1991 онд цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “Цагаан шонхор" яруу найргийн наадам, 2011 онд утга зохиолын бүхий л төрлөөр “Цагаан шонхор” утга зохиолын уралдаан тэмцээн зохион байгуулж байсан, утга уран зохиолыг дэмждэг байгууллагын нэг юм. Тухайлбал, 90 жилийнхээ ойг тохиолдуулан “Цагаан шонхор” шүлгийн номыг МЗЭ-ийн нэрт зүтгэлтэн яруу найрагч, зохиолч Арлааны Эрдэнэ-Очир эмхэтгэн гаргаж, олны хүртээл болгож байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.

“Болор цом-37” наадам өнгөрсөн оны нэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдаж, яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.

Наадмын эхний шатны шалгаруулалтад 30 яруу найрагч тунаж үлдээд байсан бөгөөд Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайн Багануур дүүрэгт зохион байгуулагдсанаараа онцлог байв.

ЖАМЫН ЦАС

("Болор цом-37” наадмын тэргүүн шүлэг)

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж