Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдвар авсан нэг хүний эмчилгээний зардал найман сая гэж өмнө нь мэдээлж байв. Энэ талаар “Аса станц”-ын 10 дахь дугаарт оролцсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өгөхдөө халдварт өртсөн хүмүүсийн эмчилгээний зардал эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч харилцан адилгүй байгааг хэлэв.
Тэрбээр “Засгийн газрын Эрүүл мэндийн салбарт тавьж буй том зорилго бол иргэнээ өвдсөн тохиолдолд ядууралд оруулахгүй байх. Гэтэл ядууралд оруулчихаад, эмийг нь авч өгч чадахгүй байж болохгүй. Хэн нэгэн өвдсөн үед халаасаа хоослохгүй эмчлүүлдэг өөрчлөлт хийх гэж Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа юм. Энэ хүрээнд даатгуулсан хүн санхүүгийн дарамтгүйгээр эмчилгээ хийлгэж чадах тогтолцоог бид хийсэн. Covid-19 авсан хүмүүсийн тухайд хүнд, хөнгөний байдлаас шалтгаалж зардлыг даатгалаар худалдаж авч байна.
Маш хүнд хүний эмчилгээний долоо хоногийн зардал 7 саяд хүрсэн. Гэрээр эмчлүүлж байгаа хүний эмчлүүлж буй зардал 160 мянган төгрөг гэж заасан. Биеийн байдал нь хөнгөн хүний эмчилгээ хэзээ ч найман сая байхгүй. Хүндэвтэр хүний эмчилгээ ч 8 сая болохгүй. Даатгалын шинэчлэлийн онцлог нь хүний эмчилгээнд гарсан өртгийг бодитоор тооцож, эмнэлгийн ажилчдын цалинг тооцдог болсон.
Эрүүл мэндийн тогтолцооны маш том сул талыг цар тахал харууллаа. Эмнэлгийн ажилчдыг хэт доогуур үнэлдэг, эмч нар хүрэлцэхгүй, анхан шатны тусламж үйлчилгээ муу, өрхийн эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалт тодорхойгүй зэрэг олон дутагдал байна. Одоо чанартай үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс авч болно” гэлээ. Мөн түүний хэлснээр, өдөрт 10 мянган хүнээс PCR шинжилгээ авахад 300 сая зарцуулдаг байна. Иймд PCR шинжилгээг үнэ төлбөргүй авах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Холбоотой мэдээ