АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын шүүхэд өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-т, африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон цагдаагийн офицер асан Дерек Шовинд холбогдох хэргийн шүүх хурал болов. Прокурор түүнд 30 жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс гэмт этгээдэд 22.5 жилийн хорих ял оноосон байна.
Хохирогчийн ар гэрийнхэн Дерек Шовинд бүх насаар нь хорих ял оноож өгөхийг хүсчээ. Ялын тогтоолыг шүүгч Питер Кэхилл уншиж танилцуулсан байна. Тэрбээр хэлсэн үгэндээ шүүхийн шийдвэр сэтгэлийн хөдлөл, өрөвдөх сэтгэл, олон нийтийн санаа бодолд тулгуурлаагүйг онцлон тэмдэглэжээ.
Шүүгч Питер Кэхилл "Энэ хэргийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц хэрцгий аргаар үйлдсэн. Ийм тохиолдолд оноодгоос илүү хатуу шийтгэл ногдуулсан" гэж нэмж хэлсэн байна. Шүүгч мөн Шовинд 15 жилийн дараа хугацаанаасаа өмнө суллагдах боломж үлдээжээ.
Дерек Шовин өнгөрсөн оны тавдугаар сард Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь өвдөглөсний улмаас Флойдын амьсгал боогдож нас барсан. Флойдыг нас барсны дараа АНУ даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн билээ.
Эх сурвалж: EURONEWS, TASS