Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу онхолдсон ноцтой осол энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, Салхитаас Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны есөн галт тэрэг осолдож, их хэмжээний шатахуун асгарсан билээ. Ачааны галт тэрэгний зургаа нь дизель түлш, хоёр нь элс, масло ачиж явсан бөгөөд гурвынх нь түлш асгарсан байжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлшийг юүлж дуусгасан байна. Мөн нэг галт тэрэгний 60 тонн техникийн тосыг юүлэхээр ажиллаж, төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ослын газарт Сэлэнгэ аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажиллаж байгаа юм. Тэд осол гарснаас хойш асгарсан түлшийг цэвэрлэж аюулгүй болгох, шатахуун асгаралтыг зогсоож, юүлэх сэргээн босгох арга хэмжээ авч байна.