“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ТӨР ЗАСАГ ШАГНАЛ, ШИЙТГЭЛЭЭС ӨӨРИЙГ МЭДЭХЭЭ БОЛЬСОН"
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай намын шинэчлэл тойрсон асуудлаар ярилцлаа.
-У.Хүрэлсүх маргааш тангаргаа өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлая гэж та уриалах болсон. Яагаад заавал шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг онцлоод байгаа юм бэ?
-Төр иргэний өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт байдаг. 1992 оны ардчилсан Үндсэн хуульд төр анх удаа иргэний өмнө хуулийн болоод эдийн засаг, нийгэм, бусад баталгааг бүрдүүлэх үүрэг хүлээдэг болсон. Ардчилсан төр иргэний өмнө хариуцлага хүлээж чаддагаараа ялгаатай. Өнөөдөр цар тахлаар 470 гаруй иргэнээ алдчихлаа. Хүмүүст маш их хохирол учирч, өдөрт арваараа амь насаа алдаж байхад төр хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Төр мөнгөгүй, төсөв хүнд байгаа юм уу гэхээр арван тэрбумаар наадам хийх тухай яриад байдаг. Ойн медаль үйлдвэрлэж, тараах тухай хэлэлцээд байдаг. 150 мянган медаль хийхэд тэрбум орчим төгрөгийн төсөв гарсан гэсэн. Их хурлын гишүүд мөнгө байгаа болоод тэгж байгаа байлгүй. Зарим нэг нь “150 мянган медаль цөөхөн байна. Намд олон жил зүтгэсэн хөгшчүүлээ оролцуулаад хаана ч хүрэхгүй шүү дээ” гэж байна лээ. Энэ нь дахиад медаль үйлдвэрлэх мөнгө байгаа гэж ойлгогдож байна. Засгийн газар үнэт зүйлээ эрэмбэлэх ёстой. Наадам, шагналыг хойшлуулж болно. Монголын зовлон болчхоод байгаа асуудал бол цар тахал. Энэ үед иргэдийнхээ аюулгүй байдлыг яаж хангах вэ, яавал хохирол багатай даван туулж, бизнесээ зогсоохгүй байх вэ, эдийн засгаа яаж дэмжиж, хамгаалах юм бэ гэдэгт төр менежмент хийж, бодлого шийдвэр гаргах нь чухал. Зөвхөн вакцинд найдаад асуудал шийдэгдэхгүй нь тодорхой боллоо. Цар тахал бол бидний гол дайсан, гол асуудал болсон.
-Наадам хийх мөнгөөрөө иргэдээ эмчлээч, эдийн засгаа сэргээх ёстой гэдэгт санал нэг байна. Гэхдээ Ерөнхийлөгч төсөв захиран зарцуулах эрхгүй шүү дээ?
-Одоо байгаа төсөв, мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхдөө намаасаа түдгэлзэнэ. Миний ойлгож байгаагаар амьсгалын аппаратын хүрэлцээ маш муу байна. Улсын хэмжээнд 890 амьсгалын аппарат байдаг. Яармагийн 800 ортой хүүхдийн эмнэлэгт 1200 хүн хэвтэн эмчлүүлж байхад 16 ширхэг амьсгалын аппараттай байна лээ. Дээрх байдлаас улбаалан эмч нар өвчтөнөө сонгох харамсалтай байдал руу орох магадлалтай болчихлоо. Энэ бол төр хариуцлагагүйнх гэж харж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явж, үндэсний эв нэгдлийг сахиулдаг. Хамгийн гол нь улс төрийн манлайлалтай байх ёстой. Намаасаа түдгэлзчихсэн юм чинь намын шахалт, барьцаанд орохгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх цар тахлыг “барьж аваад”, өөрөө улс төрийн манлайлал үзүүлж, Засгийн газарт чиглэл өгөн, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгч, тодорхой түвшинд аль нэг нам гэхгүй шахаж ажиллах ёстой. Тэгж байж Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг институцийн ач холбогдол, утга учир нь гарна. У.Хүрэлсүх намынхаа 300 мянган гишүүнийг сэтгэлдээ багтаадаг биш, нийт Монголын гурван сая дөрвөн зуун гаруй иргэнээ зүрх сэтгэлдээ багтаадаг байх ёстой. Тэр утгаараа том зургаар нь харж ажлаа хийх ёстой. Түүнээс биш парад зохион байгуулаад, одон медаль гардуулах чинь Ерөнхийлөгчийн хийх нэн тэргүүний ажил биш. Цар тахал дээр маш, зоригтой шийдмэг байх ёстой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛОХ АСУУДЛЫГ БҮХ ШАТАНД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүн нүүрс. Гэвч цар тахлын улмаас Хятадын тал хилээ хааснаар нүүрс тээвэрлэлтийн урт цуваа үүсээд удаж буй. Улмаар экспорт тэг зогсоход хүрээд байгаа юм. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай ярилцлаа.
-Цар тахал эрүүл мэндээс гадна эдийн засгийн маш том хямрал дагуулж байна. Учир нь Монголын экспортын гол боомт болох Цагаан хад улаан бүс болчихлоо шүү дээ. Экспортын бүс нутгийг ногоон болгох талаар салбарын яам юу хийж байна вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч, тодорхой саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Хил дээр Covid-19-ийн тохиолдлууд илэрч байгаа тул Хятадын талаас хилээ хааж, уул уурхайн гаралтай импортын бүтээгдэхүүнээ зогсоох явдал олон гарч байна. Энэ бүхэнд салбарын яам газар дээр нь очиж асуудлыг шийдэхийг хичээж байна. Нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд олон арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Цагаанхад буюу Тавантолгойн бүлэг орд, Оюутолгойн ордоос гарч буй зэсийн баяжмал, нүүрс тээвэрлэлт дамждаг гол боомтод халдвар хамгааллын дэглэм сахиулах, ногоон бүс болгох зорилгоор урт болон богинын тээвэрлэлтийг хязгаарласан. Цагаанхад бүс орчмыг бүрэн хамгаалалтад авч, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад гаргаж, халдвар хамгааллын дэглэм мөрдсөн. Дээр нь жолооч нарыг дархлаажуулсан. Гэсэн ч халдварын тохиолдол гарч байгаа нь хулгайн тээвэр, дотоод зохион байгуулалттай холбоотой. Аймаг, сумдаас хулгайн тээвэр хийдэг, тусгаарлалтад оролгүй шууд хавьталд ордог нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээний том сөрөг үр дагавар авчирч байна. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас нүүрс импортлохгүй, татаж авахгүй болж, нөхцөл байдал муу байна. Нүүрс тээвэрлэлт тэг зогссон. Зөвхөн Цагаанхад, Гашуунсухайт бус, Шивээхүрэн боомтод ч бас асуудал хүндхэн байна.
-Нүүрсний овоолго үүсвэл шатах эрсдэл үүсэх биш үү. Одоогоор уурхайнууд дээр экспортод гаргахаар хүлээгдэж байгаа хэчнээн тонн нүүрс байна вэ?
-Нарийнсухайтын уурхайд таван сая орчим тонн нүүрс хуримтлагдсан. Тэнд чийглэг өндөр учраас наранд гараад, агаарт исэлдэлт үүсч шатах аюултай. Ийм эрсдэл их бий. Иймд нүүрсээ экспортлох асуудлыг бүх шатанд хэлэлцэж байна. Харин зэсийн баяжмалыг саадгүй экспортлож байгаа ч маш бага хэмжээгээр тээвэрлэлт хийж байна. Өмнө нь өдөрт 100 гаруй машин хилээр гардаг байсан бол одоо 40-50 жолооч ачаа тээвэрлэлтэд гарч байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой, Хятадын тал халдварын нөхцөл байдлаас болгоомжилж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙГ БҮРТГЭХГҮЙ
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.
-Үзэгчгүй наадам өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд, янз бүрийн хүмүүс “Цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ” гээд шүүмжилж байна. Монголын үндэсний бөхийн холбоо наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна. Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна вэ? Яригдаад удлаа.
-Монголын үндэсний бөхийн холбоо 2003 онд батлагдсан Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан. Энэ нэгдүгээр сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган, бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтэнүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч Covid-19 цар тахал, мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна.
-Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна даа. 2019 онд зөрчил гаргасан хоёр бөх, 2020 оны гурван бөхийн асуудал, мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн. Энэ асуудал яах вэ?
-Бөхчүүд ч ер нь хүн бүр, бүр одоогийн улстөрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн, эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсныг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субъект янз бүрээр хариуцлага ногдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс. Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө, мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямар ч хариуцлага тооцдоггүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийн эрхийг хоёр жилээр хассан. Монгол Улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжилэгдсэн лабораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа дагах ёстой гэж бодож байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага 2018 оны гуравдугаар сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь хоёр жил, тэгээд дөрвөн, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байна. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Холбоотой мэдээ