Их гүрнүүдийн тулаан: Англи vs Герман түүхэнд үлдсэн шилдэг 5 тоглолт | News.MN

Их гүрнүүдийн тулаан: Англи vs Герман түүхэнд үлдсэн шилдэг 5 тоглолт

Их гүрнүүдийн тулаан: Англи vs Герман түүхэнд үлдсэн шилдэг 5 тоглолт

Их гүрнүүдийн тулаан: Англи vs Герман түүхэнд үлдсэн шилдэг 5 тоглолт

Хөлбөмбөгийн хамгийн арвин түүхтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй гүрнүүдийг нэрлэ гэвэл Англи, Германыг орхих хүн үгүй. Энэ хоёр хүчирхэг шигшээ багийн тулаан Евро-2020 тэмцээний шөвгийн 16-ийн шатны хамгийн сонирхолтой, үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт болох нь гарцаагүй. Хоёр баг өмнө нь нийт 32 удаа тааран тоглож, Герман 15 удаа, Англи 13 удаа тус бүр ялалт байгуулж байсан бол дөрвөн тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байв. Тэгвэл бид та бүхэнд энэ удаад энэ хоёр гайхалтай багуудын хооронд явагдсан шилдэг таван тоглолтыг онцлон хүргэе.

1970 ОНЫ ДАШТ ШӨВГИЙН НАЙМ: АНГЛИ 2-3 БАРУУН ГЕРМАН

Хоёр баг анх удаа гуравдагч орны талбай дээр тоглолт хийсэн нь Мексик улсад байв. Хагас зууны тэртээ болсон ДАШТ-д Английн шигшээ баг цомоо хамгаалагчийн дүрээр ирж, мэдээж хэрэг уламжлал ёсоор гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байсан. Английн шигшээ баг тухайн үед хэсгийн шатандаа хожим тэмцээний аварга болсон Бразилын шигшээ багт ялагдал хүлээн хэсгийн дэд байраар гарсан бол Баруун Германы баг харьцангуй сул хэсэгт өрсөлдөн Морокко, Перу, Болгарын багуудыг буулган аван хэсгээ тэргүүлсэн юм.

Хоёр баг шөвгийн наймын шатанд учраа тааран тоглож, Английн шигшээ баг тоглолтын санаачлагыг гартаа аван тоглолтын 50 дахь минут гэхэд 2-0 харьцаатай тэргүүлж байв. Гэхдээ үүнээс цааш Герман машин ажиллаж эхлэсэн юм. Тоглолтын 68 дахь минутад багийн ахлагч, хоёр удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин домогт Франз Бекенбауэр гоол оруулан тооны харьцааг ойртуулсан бол тоглолт дуусахаас найман минутын өмнө Үвэ Зийлэр гоол оруулсанаар тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаатай тэнцэж нэмэлт цаг сунгахаар болсон. Тухайн үед үйлчилдэг байсан Алтан Гоолын дүрэм буюу түрүүлж гоол хийсэн баг ялалт байгуулдаг дүрэм Баруун Германы талд ажиллаж домогт Герд Мюллэр тоглолтын 108 дахь минутад гоол оруулсанаар Баруун Германчууд хөлбөмбөгийн түүхэнд үлдэхүйц том эргэн ирэлтийг хийж байсан.

2010 ОНЫ ДАШТ ШӨВГИЙН 16: ГЕРМАН 4-1 АНГЛИ

Энэ тоглолтыг орчин цагийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хамгийн тодоор үлдсэн, хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан тоглолт гэж олон хүн үздэг. Энэ л тоглолтын дараагаар гоолын шугам технологийг нэвтрүүлэх ажил илүү эрчимтэй хийгдэж төд удалгүй гоолын шугам технологи хөлбөмбөгийн ертөнцөд орж ирэн энэ спортын хөгжил нэг шатаар ахисан гэж хэлж болно.

 2008 оны ЕАШТ-д орж чадалгүй бүтэлгүйтсэн Гурван Арслангууд Өмнөд Африкын ДАШТ-д том амбицтай ирсэн нь гарцаагүй. Ингэхээс ч аргагүй тэдэнд ид үе дээрээ байсан Лампард, Жеррард, Рүүни, Тэрри гээд дэлхийн шилдэгүүд байв. Гэсэн ч Англичууд хэсгийн шатанд үзэгчдийн хүлээлтэд хүрсэн тоглолтыг үзүүлж чадаагүй юм. Эхний хоёр тоглолтоо Америк, Алжирийн багуудтай хийн хоёулантай нь тэнцэж, хэсгийн сүүлийн тоглолтоо Словений багийг Жермэйн Дефогийн ганц гоолын ачаар хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. 

Харин эсэргээр уг ДАШТ-д Германы шигшээ багийн шинэ үе төрөн гарч ирсэн гэж хэлж болно. Залуухан Хэдира, Мюллэр, Өзил зэрэг одод энэ л ДАШТ-аар өөрсдийгөө дэлхий дахинд таниулсан. Тэд хэсгээсээ асуудалгүй нэгдүгээр байраар шалгарсан билээ.

Ингэснээр хоёр хүчирхэг баг шөвгийн 16-д тааран тоглох болсон. Тоглолтын эхний гоолыг Мирослав Клозэ оруулсан бол төд удалгүй Лукас Подолски тооны харьцааг 2-0 болгон холдуулсан. Харин Английн шигшээ багийн бүртгэгдсэн цорын ганц гоолыг Матт Апсон оруулсан юм. Бүртгэгдсэн гэж тодотгогдгийн учир нь Матт Апсоны гоол орсоноос ердөө нэг минутын дараа Франк Лампардын хүчтэй цохилт хөндлөвч онон ойн гарч ирсэнийг Уругвай шүүгч Маурисио Эспинасо тооцоогүй юм. Харин тоглолтын 2-р үе тэр чигтээ Германы давамгайлалд дор өрнөн Томас Мюллэр хоёр гоол оруулан тоглолт 4-1 харьцаатай өндөрлөсөн.

1990 ОНЫ ДАШТ ХАГАС ШИГШЭЭ: БАРУУН ГЕРМАН 1-1 АНГЛИ

Италид болсон ДАШТ Английн хөлбөмбөгийн фэнүүдийг дахин хөлбөмбөгтэй учруулсан гэж хэлж болно. Учир нь 1980-аад оны Английн хөгжөөн дэмжигчдийн танхайрал хэрээс хэтэрч 1985 онд аймшигт Хэйсэлийн осол болж, улмаар Английн хөлбөмбөгийн клубууд зургаан жилийн турш Европын томоохон тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. 

Энэ үеэр Английн хөлбөмбөг тэр чигтээ уналтад ороод байсан үе. Тэд ДАШТ, ЕАШТ-ийн сүүлийн 16 тоглолтдоо ердөө зургаан удаа л ялж бүр 1984 оны ЕАШТ-д оролцох эрхээ авч чадалгүй тэмцээнийг өнжсөн. Энэ удаан хугацааны бүтэлгүйтлийн дараа Италид “тэс өөр” баг хүрэлцэн ирсэн.

Харин нөгөө талд Франц Бекэнбауэр дасгалжуулагчтай Германчууд уламжлалт сайн тоглолтоо үзүүлсээр л байв. Хэсгээсээ нэгдүгээр байраар шалгаран хасагдах шатанд хүчирхэг Нидерланд, Чехсловакийн багуудыг буулган авсан тэд Английн багийн эсрэг “барьц алдах” дөхсөн.

Тоглолтын 60 дахь минутад Андрэс Брэмэ тоглолтын салхийг хагалсан бол нөгөө талаас алдарт Гари Линекэр тэнцээний гоолыг оруулсан юм. Улмаар тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэн Английн багаас Стюарт Пирс цохилтоо алдан Германчууд шигшээд шалгаран улмаар 1990 оны дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байсан.

Энэ тоглолтын дараа Английн багаас гоол оруулсан Гари Линекэр өөрийн алдарт “Хөлмбөмбөг маш энгийн тоглоом. 22 залуу нэг бөмбөгний араас 90 минут хөөцөлдөнө. Эцэст нь Германчууд ялаад дуусдаг” гэсэн ишлэлээ хэлж байсан.

1996 ОНЫ ЕАШТ ХАГАС ШИГШЭЭ: АНГЛИ 1-1 ГЕРМАН

Англичууд 30 жилийн дараа нутагтаа том тэмцээн зохиосон нь 1996 оны ЕАШТ байсан юм.  Зургаан жилийн өмнөх ДАШТ-ийн хагас шигшээд бүтэлгүйтсэн тэд энэ удаад нутаг дээрээ заавал түрүүлэхийн төлөө тоглосон. Хэсгийн шатандаа нисдэг Голландчуудыг 4-1 харьцаатай бут ниргэсний дараагаар Английг багийг зогсоох баг байхгүй гэсэн яриа хүртэл гараад амжсан. Харин шөвгийн наймд Испанийн багтай үндсэн цагт 0:0 харьцаатай тэнцэн торгуулийн цохилтоор буулган авсан. Энэ удаад өмнөх ДАШТ-д торгуулийн цохилт алдаж багаа хөөдсөн Стюарт Пирс цохилтоо амжилттай болгосныг онцлох нь зүйтэй

Энэ тоглолтод ахиад л Германчууд ялалт байгуулсан. Тэд Орос, Чехийн багуудыг ялж Италийн багтай тэнцсэнээр хэсгээ тэргүүлсэн. Харин шөвгийн наймд Хорватын багийг буулган авсан юм.

Тоглолт энэ удаад Английн багийн давамгайлал дор явагдсан бөгөөд тоглолт эхлээд ердөө гуравхан минут болж байхад Алан Ширэр Английн багт хошуучлал авчирсан юм. Гэхдээ энэ давамгайлал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тоглолтын 16 дахь минутад Германы багийн довтлогч Стэфан Кунтз гоол оруулсан юм. Үүнээс хойш гоол ороогүй бөгөөд тоглолтын хувь заяа дахиад л торгуулийн цохилтоор шийдэгдэх хэрэгтэй болсон.

Хоёр багийн тоглогчид бүгд цохилтоо сайн гүйцэтгэж байсан Английн багийн 6 дахь цохилтыг одоогийн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгейт алдсанаар Германчууд шигшээд шалгарсан.

1966 ОНЫ ДАШТ ШИГШЭЭ: АНГЛИ 4-2 ГЕРМАН

Англи шиг хөлбөмбөгийн том гүрэн түүхэндээ ердөө ганц л удаа том тэмцээний аваргын цолыг хүртэж байсан нь тэртээ 1966 оны ДАШТ юм. Хэсэгтээ гоол алдалгүй тэргүүлсэн гурван арслангууд тухайн үед Сир Бобби Чарлтон, Бобби Мур, Жеофф Хөрст зэрэг одуудаар багаа хүрээлүүлсэн байв.

Энэ тоглолт алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд 97 мянган үзэгчийн өмнө явагдаж Англичууд ч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдаагүй билээ. Тоглолтын 89 дэх минут гэхэд Английн баг 2-1 харьцаатай хошуучилж байсан ч тоглолтын эцсийн мөчид Германы шигшээ баг гоол оруулж нэмэлт цаг сунгасан юм. Гэсэн ч нэмэлт цагт Англичууд, тэр дундаа Жеофф Хөрст гайхлтай байж хоёр гоол оруулж улмаар тоглолт 4-2 харьцаатай гурван арслангуудын давамгайлалт дор өндөрлөж Английн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ийн алтан дагиныг өргөсөн билээ.

Уг тоглолт 2010 оны тоглолтын адил будилаантай шүүлттэй. Гэхдээ энэ удаагийн шүүлт Английн багийн талд ажилласан юм. Яг л Лампардын гоолтой адил Хөрстийн гоол хөндлөвч онон ойн гарч ирсэн ч шүүгч 2010 онд тооцоогүй бол 1966 онд тэр цохилтыг гоол гэж тооцсоноороо ялгагддаг билээ.

NEWMETA - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zailaachee 2021-06-25 73.202.254.36

Yum bichne gej ***h yum daa.orchuulga bish orshuulga boljee

Avatar

Зочин 2021-06-25 64.119.26.109

1970 онд Алтан голын дүрэм байаагүй

Avatar

Зочин 2021-06-25 202.55.188.102

Герман маш муу байгаа…англи германыг бол хожчих байх тэгээд л тэмцээнээ дуусгана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж