Нэхэмжлэл, хүсэлтийн загварыг "Гэрэгэ киоск"-оор хэвлэж авах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Нэхэмжлэл, хүсэлтийн загварыг "Гэрэгэ киоск"-оор хэвлэж авах боломжтой боллоо

Шүүхээр үйлчлүүлэгч “Гэрэгэ киоск” төхөөрөмжид хувийн мэдээллээ оруулж, шүүхийн нэхэмжлэл, хүсэлтийн бэлэн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн авах боломжтой боллоо. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр өнөөдөр /2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/-өөс уг үйлчилгээг нэвтрүүллээ.

Нээлтийн ажиллагаанд "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Алтангэрэл, ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа болон Шүүхийн захиргаа удирдлагын газрын, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар оролцсон юм.

"Гэрэгэ киоск"-ийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтой байдаг. Тус киоскийг 2020 оноос дүүргүүдийн нийт шүүх болон шүүхийн тусгай архивын байранд байршуулан архивын лавлагаа авах төлбөр болон Улсын тэмдэгтийн хураамж төлөх зорилгоор ашиглаж ирсэн.

Энэ удаа "Легал дата" ХХК, "Гэрэгэ системс" ХХК хамтран шүүхэд иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг загваруудыг “Гэрэгэ киоск”-ийн системд нэвтрүүлж хэвлэн авч, ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэд цаг, хугацаагаа хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай хүрэх боломж бүрдэж байна.

 

“Гэрэгэ киоск” машинаас нэхэмжлэлийн дараах загваруудыг хэвлэж авах боломтой.

Нэхэмжлэл:

  1. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
  2. Зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай
  3. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
  4. Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
  5. Гэрлэлт цуцлуулах тухай
  6. Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
  7. Ажилласан жил тогтоолгох тухай
  8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор төгрөг гаргуулах тухай

Хүсэлт:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах тухай
  2. Улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах тухай
  3. Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн төрөлжсөн архив/
  4. Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн тамгын газар/
  5. Лавлагаа тодорхойлолт авах тухай
  6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах тухай

Киоскоос легал дата загвар авах алхам:

1.    LEGAL DATA товч дарна

2.    Баримт бичгийн загвар сонгоно

3.    Иргэний мэдээллээ баталгаажуулна

4.    Нэмэлт мэдээлэл оруулна

5.    Төлбөр төлнө

6.    Баримт бичгийн загвартай танилцан, хэвлэнэ

Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр энэхүү үйлчилгээ нэвтрээд байгаа бөгөөд цаашид бусад шүүхэд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж