ОХУ-ын Ерөнхийлөгчийн нийтлэл Германы долоо хоног тутмын Die Zeit сонинд нийтлэгдсэн бөгөөд Аугаа их Эх орны дайн эхэлсний 80 жилийн ойд зориулагдсан юм.
80 жилийн тэртээ Европыг бараг бүхэлд нь байлдан дагуулсныхаа дараа нацистууд 1941 оны 6-р сарын 22-нд ЗСБНХУ руу довтолсон билээ. Ийнхүү Зөвлөлтийн ард түмний хувьд Аугаа их Эх орны дайн эхэлсэн ба энэ нь манай улсын түүхэнд хамгийн цуст дайн байв. Хэдэн арван сая хүн амь үрэгдэж, улс орны эдийн засгийн чадавх болон соёлын өв асар их хохирол амсав.
Бид Эх орныхоо тусгаар тогтнол, нэр төрийг хамгаалаад зогсохгүй Европыг болон дэлхий дахиныг боолчлолоос аварсан Улаан армийн дайчин ба ар талын ажилчин баатруудын эр зориг, тэсвэр хатуужлыг бишрэн, тэднээрээ бахархдаг билээ. Өдгөө хэн ч өнгөрсөн үеийн түүхийн хуудсыг өөрчлөн бичихийг оролдсон ч Зөвлөлтийн цэрэг Германы газар нутагт өшөө авахаар бус ард түмнийг чөлөөлөх эрхэм зорилго, агуу даалгавартайгаар ирсэн нь маргашгүй үнэн юм. Бидний хувьд нацизмтай тэмцэж байсан баатруудын гэгээн дурсгал ариун юм. Бид бүх нийтийн Ялалтыг ойртуулахад хувь нэмрээ оруулсан Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотнуудыг, Эсэргүүцлийн хөдөлгөөний оролцогчдыг болон фашистуудын эсрэг тэмцэж байсан Германы ард иргэдийг талархан дурсдаг.
Дэлхийн дайны аймшгийг даван туулсны дараа Европын ард түмэн хоорондын харьцаанд үүссэн хүйтэн уур амьсгалыг даван туулж, харилцан итгэлцэл, хүндэтгэлийг сэргээж чадсаар өнгөрсөн зууны эхний хагас жилийн эмгэнэлт явдлуудыг дуусгавар болгож, интегралчлалыг эхлүүлж чадсан билээ. Ийнхүү орчин үеийн Европыг байгуулахад орчин үед нэгдмэл болсон Герман улсын зүүн ба баруун хэсэгт амьдарч байсан германчуудын болон манай ард түмний түүхэн эвлэрэл асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Чухам Германы бизнес эрхлэгчид дайны дараах жилүүдэд манай улстай хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн анхдагчид байсныг сануулъя. 1970 онд Европт урт хугацааны турш байгалийн хий нийлүүлэх тухай «зууны гэрээ»-г ЗСБНХУ болон ХБНГУ байгуулсан нь дараа дараагийн олон томоохон төслүүдийн, түүний дотор «Умард урсгал» хийн хоолойн төслийн эхлэл болсон харилцан уялдаатай, бүтээлч хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан билээ.
Бид Хүйтэн дайны эцэс нь бүх Европын ялалт байх болно гэдэгт найдаж байсан. Хэсэгхэн хугацааны дараа «Атлантын далайгаас Уралын нуруу хүртэл» газарзүйн хувьд бус Лиссабоноос Владивосток хүртэл соёл, соёл иргэншлийн хувьд нэгдмэл тивтэй болох тухай Шарль де Голлийн мөрөөдөл биелэх мэт санагдаж байв.
Орос орон чухам ийнхүү логикийн дагуу буюу нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхолтой нэгдсэн Их Европыг үүсгэн байгуулах байр сууриас европчуудтай харилцаагаа хөгжүүлэхийг хичээдэг байв. Бид ч, Европын Холбоо ч энэ замаар урагшлахын тулд ихийг хийсэн.
Гэвч арай өөр хандлага давамгайлж байв. Тэрхүү байр суурины үндсэнд Хүйтэн дайны хэлтэрхий болж үлдсэн Хойд Атлантын эвслийг өргөжүүлэн тэлэх санаа байв. Үнэхээр ч тэр цаг үеийн сөргөлдөөний улмаас энэхүү эвсэл нь үүсэн байгуулагдсан байдаг.
Ташрамд сануулахад, Зөвлөлтийн удирдлага нэгдсэн Германыг НАТО-ийн гишүүн болоход бараг гол ятгагчийн дүрийг гүйцэтгэсэн ба үүний дараа тухайн эвсэл Зүүн зүгт хүрээгээ тэлж эхэлсэн нь Европын улс орнууд хоорондоо үл итгэлцэх байдал өсөн нэмэгдэхийн гол шалтгаан болсон байдаг. «Энэхүү тэлэлт нь танай улс орны эсрэг чиглэгдээгүй», «эвслийн хил хязгаар танайд ойртохгүй» гэсэн аман амлалтуудаа мартахыг яаравчилж, ийнхүү жишиг нэгэнт тогтов.
1999 оноос хойш НАТО-гийн тэлэлтийн давлагаа таван удаа явагдсан. 14 улс тус байгууллагад шинээр нэгдсэн ба тэдний дунд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсууд байсан нь хуваагдлын шугамгүй нэгдсэн тивийн тухай итгэл найдварыг маань үргээсэн. Ташрамд сануулахад, 80-аад оны дундуур Германы Социал Демократ Намын удирдагчдын нэг Эгон Бар үйл явдал ийнхүү өрнөнө шүү гэдгийг анхааруулж байжээ. Тэрээр Германыг нэгдсэний дараа Европын аюулгүй байдлын системийг ЗСБНХУ болон АНУ-ын оролцоотойгоор бүхэлд нь өөрчлөхийг санал болгож байсан ч ЗХУ-д ч, АНУ-д ч, Европт ч түүнийг хэн ч сонсохыг хүсээгүй.
Түүгээр үл барам олон улс орнуудад эсвэл Барууны нэгдэлтэй, эсвэл Оростой гэсэн хиймэл сонголтыг тулгаж байна. Чухамдаа энэхүү сонголт гээд байгаа зүйл нь ультиматум юм. Ийм түрэмгий бодлогын үр дагаврыг 2014 оны Украины эмгэнэлт явдлын жишээн дээрээс харж болно. Украин дахь Үндсэн хуулийн эсрэг зэвсэглэсэн төрийн эргэлтийг Европ идэвхтэй дэмжсэнээр бүх юм эхэлсэн. Ингэх шаардлага байсан уу? Ерөнхийлөгч асан Янукович сөрөг хүчний бүх шаардлагыг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байхад яах гэж АНУ төрийн эргэлтийг зохион байгуулж, яагаад Европын орнууд түүнийг нь хүлцэнгүй дэмжиж, Украины хагарлыг, мөн Крым тус улсын бүрэлдэхүүнээс гарсан явдлыг өдөөв?
Өдгөө Европын аюулгүй байдлын систем ихэд доройтжээ. Хурцадмал байдал улам бүр нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ хөдөлгөөн өрнөх эрсдэл бодит болж байна. Үүнээс болж бид хамтын ажиллагааны асар их боломжуудыг, ялангуяа цар тахал болон түүний нийгэм, эдийн засгийн хүндхэн үр дагаврууд гээд бидэнд тулгараад байгаа нийтлэг бэрхшээлүүдийг даван туулахад туслах маш чухал боломжуудыг алдсаар байна.
Яагаад ийм юм болж байна вэ? Хамгийн гол нь, бид үүнээс ямар дүгнэлт хийх ёстой вэ? Түүхийн ямар сургамжийн талаар эргэн санах хэрэгтэй вэ? Миний бодлоор юуны өмнө дайны дараах Их Европын түүх нь бидний нэг тивийн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал нь бүх улс орнуудын, түүний дотор ОХУ-ын хамтын хүчин чармайлтын үр дүнд л боломжтой гэдгийг баталж байна. Учир нь ОХУ бол Европын хамгийн том улс орнуудын нэг бөгөөд бид Европтой түүхийн болон соёлын салшгүй холбоотой гэдгээ мэдэрдэг.
Бид шударга болоод бүтээлч хамтын ажиллагаанд үргэлж нээлттэй ба бидний ийнхүү байр суурийг Атлантын далайгаас Номхон далай хүртэл хамтын ажиллагаа, аюулгүй байдлын нэгэн орон зайг бий болгох санаачилга маань баталж байна. Энэхүү орон зайд Европын холбоо, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг төрөл бүрийн интеграцийн хувилбарууд багтах болно.
Дахин давтаж хэлье: Орос Улс Европтой иж бүрэн түншлэлийн харилцаагаа сэргээхийг дэмжиж байна. Бидэнд харилцан сонирхолтой олон сэдвүүд байна. Тухайлбал, аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал, эрүүл мэнд, боловсрол, цахимжилт, эрчим хүч, соёл, шинжлэх ухаан, технологи, цаг уур, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх явдал гээд.
Дэлхий ертөнц шинэ сорилт, аюул заналхийлэлтэй тулгарч, мөн эрчимтэй хөгжиж байна. Тиймээс бид өмнөх цагийн үл ойлголцол, гомдол, зөрчил, алдааг ирээдүйрүүгээ чирч болохгүй болоод байна. Энэхүү ачаа нь бидний анхаарлыг сарниулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд саад болж байна. Бид бүгдээрээ эдгээр алдаануудаа хүлээн зөвшөөрөөд, засах хэрэгтэй гэж бодож байна. Бидний нийтлэг бөгөөд маргаангүй зорилго бол эх газрын аюулгүй байдлыг хуваагдлын шугамгүйгээр хангах, Европ болон дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтийн төлөө эрх тэгш хамтын ажиллагаа, бүх нийтийн хөгжлийн нийтлэг орон зайг бүтээхэд оршино.
Холбоотой мэдээ