Гурилын үнэ Дорнодод хамгийн тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ Дорнодод хамгийн тогтвортой байна

Наймдугаар сарын 11-ний байдлаар гурилын үнэ дунджаар энэ сарын эхээр 18-37 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн газраас мэдээлжээ. Өмнөх долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай дээд гурилын үнэ 31.6 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 37.3 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 23.5 хувь өсчээ. Тус компанийн савласан дээдийн дээд гурилын үнэ 5.4 хувь, дээд гурилын үнэ 27.2 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 34.8 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 21.5 хувь нэмэгдсэн гэдгийг статистикийн мэдээлэлд дурдсан байна. Харин импортын гурилаас Оросын  дээд ба нэгдүгээр  зэргийн гурилын үнэ 27.1-34.6 хувь, хятадын  дээд гурилын үнэ 3.1 хувиар өссөн байна.

Харин одоогийн үнэ ханшийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай дээд гурилын үнэ 23.7 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 27.4 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 18.8 хувь өсөөд байгаа юм байна.

Наймдугаар сарын 11-ний байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй нэгдүгээр зэргийн гурилын үнэ 530-883 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Дорнод аймагт хамгийн тогтвортой буюу 530 төгрөгөөс өсөөгүй гэнэ. Харин бусад аймгуудад гурилын үнэ 20-240 төгрөгөөр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар нэгдүгээр зэргийн гурил Дорнод аймагт хамгийн хямд буюу 530 төгрөгийн үнэтэй  байхад Өмнөговь аймагт 883 төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үнэ юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж