У.Хүрэлсүхийн тангаргийн ёслолын АЛДААНУУД!

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн тангаргийн ёслолын АЛДААНУУД!

У.Хүрэлсүхийн тангаргийн ёслолын АЛДААНУУД!

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөж, Төрийн тэргүүний тамгаа Х.Баттулгаас шилжүүлж авлаа. Цагаан дээл, бүрх малгайгаар гоёсон түүний тангаргийн ёслол морин цагаас эхлэсэн бөгөөд эхнэр хоёр охин, зээ хүү нь ирж оролцсон.  Мөн  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, Үндсэн хуулийн цэц, хууль шүүх, ард түмэн, урлаг, спортын төлөөлөл, өмнөх Ерөнхийлөгч нар, Монголд суугаа гадаадын Элчин сайдууд урилгаар оролцов.

Зургаа дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг УИХ-ын дарга Г.Занданшатар удирдаж явууллаа. Харамсалтай нь, Халтмаагийн Хүрэлсүх гэж шинэ Ерөнхийлөгчийн овгыг буруу дуудсанаас гадна өөр олон ч алдаа гаргав.  Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол УИХ-аас тогтоосон журмын дагуу явагддаг.

УИХ-аас тогтоосон журмаар
  • Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гэргийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж тусгажээ.
  • Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна.
  • Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.
  • Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.
  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.
  • Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягатай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлэх ёстой байв.

Гэтэл УИХ-ын дарга протокол зөрчин тангараг өргөөгүй байхад нь тамга хүлээцүүлэх гэж мунгинасан төдийгүй тангараг өргөснийх нь дараа Төрийн дуулал эгшиглүүлсэнгүй. Төрт ёсны арга хэмжээнд оролцож байгаа төрийн гурван өндөрлөгийн хувьд УИХ-ын дарга дээл хувцасныхаа бүрэн бүтэн байдлыг  анхаарах учиртай. Гэтэл өмссөн дээлнийхээ энгэр заамыг бүрэн товчлоогүйгээс эхлээд Ерөнхийлөгчийнхөө овгийг буруу дуудна гэдэг УИХ-ын дарга хүний хувьд байж боломжгүй алдаа юм. Хайнга, хэнэггүй хандах арга хэмжээ биш нь лав.

Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол нь төрт ёсны том арга хэмжээ. Гэтэл уригдсан зочдын нэг "Vandebo" хамтлагийн реппер  Б.Эрдэнэболд Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын үеэр тамхи татан танхайрч байгаад газар дээрээ "бичлэгдүүлжээ".

У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа нар хүчээр баривчилсан нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж байна.  У.Хүрэлсүх тангараг өргөхдөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ амалсан. Гэтэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэсэн иргэдээ баривчлан, тэрбээр ард түмэндээ өргөсөн тангаргаа анхны өдрөөсөө зөрчиж эхэллээ. Түүнчлэн  жагсаалд оролцсон цэрэг ухаан алдаж унасан гээд дуулиан шуугиантай л тангаргийн ёслол болж өнгөрлөө.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
399
ТэнэглэлТэнэглэл
129
ХахаХаха
75
БурууБуруу
73
ХарамсалтайХарамсалтай
34
ЗөвЗөв
20
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж