АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Бээжинг цар тахлын гарал үүслийг эрэн хайх, тодорхойлох асуудалд хамтран ажиллахгүй бол олон улсаас тусгаарлана хэмээн анхааруулсан билээ. Харин Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан үүнийг илт заналхийлэл, АНУ-ын эрх мэдлээс хэтэрсэн улс төрийн манипуляци хэмээн тодорхойлж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тухайлбал, Салливан өмнө нь “Fox News Sunday” нэвтрүүлэгт оролцохдоо “Бээжин цар тахлын гарал үүслийг олоход гар бие оролцохгүй бол олон улсын эсэргүүцэл, тусгаарлалттай нүүр тулахаас өөр аргагүй” гэж ярьсан байна.
Харин Жао Лижиан энэ долоо хоногт хариу мэдэгдэл хийхдээ “АНУ-ын энэ сүрдүүлэг бол илт заналхийлэл, шантааж мөн. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Хятад орон цар тахлын гарал үүслийг хайх үйлсэд оролцоогүй гэдэг нь огт үндэслэлгүй гүтгэлэг. Бээжинг олон улсаас тусгаарлана хэмээсэн нь худал дуулиан тарих гэсэн оролдлого. Хятад олон улстай нээлттэй харилцаж байгаа. Тэр байтугай ДЭМБ-ын судлаачдыг хоёр ч удаа нэвтрүүлж, цар тахлын гарал үүслийг хайхад нь тусалсан. Харин АНУ энэ асуудлыг эрдэмтдээрээ биш, тагнуулын албаараа хийлгэж, албаар улстөржүүлж байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн АНУ-ыг цар тахлаар шалтаглаж Бээжинд удаа дараа халдаж байгаа нь Хятадын хөгжлийг эсэргүүцэж, цар тахлыг дарсан амжилтыг үгүйсгэх гэсэн арга ядсан үйлдэл хэмээн онцолж, “АНУ үнэхээр үнэнийг эрхэмлэдэг юм бол өөрсдөө эхлээд гурван асуултад хариулах ёстой” гэв. Үүнд, Нэгдүгээрт, цар тахлыг хяналтдаа байлгаж чадалгүй алдсан нь хэний буруу вэ. Хоёрдугаарт, АНУ-д халдвар авсан 33.54 сая, нас барсан 600 мянган тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийн хамгийн дэвшилтэт технологи, анагаах ухаантай Вашингтон дараагийн давлагаанаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ. Эцэст нь, 2020 оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 18-нд 24 мянга гаруй дээж ашиглан хийсэн судалгаанаас үзэхэд цар тахлын халдвар АНУ-д 2019 оны арванхоёрдугаар сард байсан нь тогтоогдсон. АНУ яагаад энэ талаар ил тод мэдээлж, гарал үүслийг өөрсдөөсөө хайхгүй байна вэ?” гэх асуултууд аж.
Жао Лижиан Мэрилэнд мужийн Форт Детрик дахь биологийн лаборатори үйл ажиллагаагаа түр зогсоох үед АНУ-д "Evali" буюу цахилгаан тамхинаас үүдэлтэй гэх уушгины өвчин гарч олон хүн өвчилсөн явдлыг дахин нарийн шалгахыг уриалжээ.
Эх сурвалж: GLOBAL TIMES
Холбоотой мэдээ