Вьетнамын "Тарзан” хочтой Хо Ван Ланы түүх олон хүнийг гайхшруулсан хэвээр байна. Тэрбээр 51 настай бөгөөд амьдралынхаа 41 жилийг ширэнгэд өнгөрүүлжээ. Түүнийг анх ширэнгээс олсноос хойш найман жил өнгөрсөн байна.
Тэрбээр тосгонд амьдарч эхэлснээс хойш нийгэмшлийн асуудал тулгарч байгаа аж. Жишээлбэл, Лан одоо ч эрэгтэй, эмэгтэй хүн юугаараа ялгаатайг сайн ойлгодоггүй гэнэ. Тэдний гэр бүлийг олон жил ажиглаж, баримтат кино бүтээсэн Алваро Церезо “Ланд ямар ч бэлгийн дур сонирхол байдаггүйг би баттай хэлж чадна. Түүний нөхөн үржихүйн зөн совин аль эрт алга болсон байх” гэжээ.
Лан хэдийгээр тосгоны амьдралд чадахаараа дасч, хүмүүстэй цуг байх нь таалагдаж байсан ч ойгоо их санадаг байжээ. Ялангуяа аав нь нас барснаас хойш тэрбээр ихэд ганцаардсаар ширэнгэдээ эргэн очихыг улам их хүсдэг болсон гэнэ. Тиймээс ах нь түүнийг эргээд ширэнгэдээ очихыг зөвшөөрснөөр Лан өссөн ширэнгэдээ ганцаар амьдарч, сард нэг удаа тосгонд очдог болжээ.
Гунигт түүх
Түүний аав Вьетнамын дайнаас өмнө ээж, эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амар жимэр амьдардаг байжээ. Гэвч дайн эхэлж, тэрээр цэрэгт татагдан АНУ-ын армитай байлдах болов. Гэтэл одоогоос 49 жилийн өмнөх нэгэн өдөр тосгонд нь бөмбөг унахыг сонсоод яаран очтол ээж, хоёр хүү нь нас барсан байжээ.
Тэр үед маш ихээр цочирдсон тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй болж, эхнэр болон хоёр бага хүүтэйгээ аюулгүй газарт очсон аж. Гэвч түүний сэтгэц эрүүл байхаа нэгэнт больж, эхнэртээ гар хүрэх болсон гэнэ. Удалгүй тэрбээр хоёр нас хүрэх гэж байсан бага хүү Ланыг аваад ширэнгэ рүү зугтжээ.
Түүнээс хойш 12 жилийн дараа Ланы ах тэднийг ойгоор удтал хайсны эцэст олж уулзсан гэдэг. Анх аав нь хүүгээ таниагүй аж. Тэр цагаас хойш ах нь жилдээ хоёр удаа тэдэнд будаа, давс, тос зэрэг зүйлс хүргэж өгдөг болсон гэнэ. Харин 2013 онд Ланы нас ойд амьдрахад тохирохооргүй болсонд ах нь нутгийн удирдлагуудтай нийлэн аав, дүү хоёроо ятгаж, тосгонд амьдруулжээ. Аав нь сэтгэцийн өөрчлөлтөөсөө болоод 2017 онд нас барсан гэдэг.
Харин Лан дөнгөж хоёр настайдаа ширэнгэд амьдарч эхэлсэн тул нийгмийн амьдралыг огт санадаггүй аж. Тэрбээр ширэнгэд амьдрахдаа ойгоос жимс, зөгийн бал, сармагчин, могой, гүрвэл, мэлхий, харх гээд идэж болох бүхнийг түүж, агнаж сурчээ. Түүний хамгийн дуртай хоол хархны шарсан толгой гэнэ.
Ланаас эмэгтэй хүн гэж мэддэг байсан эсэхийг нь асуухад тэрбээр “Мэддэггүй байсан. Аав надад тийм юм огт ярьж байгаагүй” гэж хариулжээ. Тэр ширэнгэд амьдарч байхдаа нийт ердөө таван удаа л алсаас хүний бараа харсан бөгөөд тухай бүрдээ чимээгүйхэн зугтаж, нуугддаг байсан аж.
Эх сурвалж: VNEXPRESS
Холбоотой мэдээ