Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол өнөөдөр /2021.06.25/ боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдрийн ёслолд УИХ-ын 68 гишүүн хүрэлцэн ирсэн. УИХ-ын 2021 хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан нээснийг мэдэгдэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дагуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөнө.
Тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа бүрэн эрхт дипломат төлөөлөгч нар, суурийн төлөөлөгч нар урилгаар оролцож байна” гэлээ.
Тангаргаа өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт ард иргэд ээ, монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийн үр шимийг адил тэгш хүртэх явдал бол шударга ёсны бас нэгэн зарчим. Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний маань оюун санааны охь ундарга юм. Байгалийн баялгийг ашиглах, төрийн бодлогыг урт хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэн, Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын зэрэгцээ, Монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн Монголын төлөө ард түмний минь хүсэл тэмүүлэл төрийн тэргүүн миний байр суурь цаашид улам биеллээ олж үр өгөөжийг нь манай түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг. Харин манай оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг ямагт санаж байх ёстой.
Байгалийн баялгаа ариг гамтай зүй зохистой ашиглах нь нэн чухал гэдгийг оюун санаа зүрх сэтгэлдээ бодож явах учиртай юм. Монгол хүний оюун санаа үүх түүх, өв соёл, зан заншил бичиг үсэг, мэдлэг боловсрол нүүдэлчдийн соёл иргэншил бид бүхэн ундран арвиждаг баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Улсад Монголоороо бахархах Монголоороо гоёхын үндэс суурь болно.
Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Учир иймд төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд таниулах, өв соёлоо өвлүүлэн үлдээх залуу хойч үеэ эрх оронч үзлээр хүмүүжүүлж ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллуулах болно. Түүнчлэн эх дэлхий ургамал амьтан уул ус байгаль орчноо хамгаалах бүх нийтийн үйл болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт цөлжилт хөрс, ус агаар, уурхай үйлдвэржилтээс үүдсэн байгалийн баялгийг нөхөн сэргээх эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
🔴 ШУУД | Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол эхэлж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, June 24, 2021
Эрхэм нөхдөө улс орны тусгаар тогтнол оршин тогтнохын үндэс нь эх орон газар шороо хэл соёл ард түмэн билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо алтан гагнаас нь эв нэгдэл юм. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтсоныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж зөвийг сахиж эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно.
Монголын ард түмний язгуур эрх ашиг улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ индэр дээрээс илэрхийлье. Монголын ард түмний ололт амжилт үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсэн дээдэлсэн, тусгаар тогтнолоо бэхжүүлж, парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, хүн бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан хүмүүнлэг иргэнийг бүрдүүлэхийн төлөө улс төрийн нам эвсэл иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно. Ард түмний эв нэгдэл гэдэг улс орны оршин тогтнох үндэс юм. Эв нэгдэл үгүй хөгжил дэвшил, улс үндэстэн байх боломжгүй. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө Монголчууд та бидний өмнө цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдлыг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн хүчээ нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал хамгаас чухал байна.
Халдвараас хайртай хүмүүс гэр бүлээ хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээг бүх талаар дэмжин хамтран ажиллахыг Төрийн тэргүүний хувьд уриалж байна. Бид итгэл найдвар эв нэгдэл сахилга бат, хамтын хүчээр цар тахлыг даван гарч чадах болно.
Миний бие хариуцлагатай нэр хүндтэй албыг хашихдаа төрийн хуулийг дээдлэн сахиж өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө мэдлэг туршлага хүч чадлаа дайчлан ажиллах болно. Миний Монголын ард иргэдээ төрөлх сайхан эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралын төлөө алхам алхмаар урагшилсаар байна. Намууд зөв бодлоготой, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай төр засаг нь тогтвортой ард түмэн маань ирээдүйдээ итгэлтэй байж итгэл, найдвараар нэгдэн нийлж Монгол улсын төлөө хүчин зүтгэе.
Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил хүчирхэгжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе.
Холбоотой мэдээ