Ц.Магалжав: Энэ жилийн наадамд допингтой бөхчүүдийг бүртгэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд допингтой бөхчүүдийг бүртгэхгүй

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд допингтой бөхчүүдийг бүртгэхгүй

Монголын Үндсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.


Үндэсний их баяр наадам цахимаар болох шийдвэр Засгийн газраас гарлаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Үзэгчгүй наадам өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. Монголын үндэсний бөхийн холбоо наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна.

Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна вэ? Яригдаад удлаа.

-Монголын үндэсний бөхийн холбоо 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан. Энэ нэгдүгээр сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтэнгүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яаманд 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч Covid-19 цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой.

Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна.

Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна даа. 2019 онд зөрчил гаргасан хоёр бөх, 2020 оны гурван бөхийн асуудал мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байгаа. Энэ асуудал яах вэ?

-Бөхчүүд ч ер нь хүн бүр, бүр одоогийн улстөрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсанг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ноогдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс. Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямарч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг хоёр жилээр эрхийг хассан.

Монгол улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжилэгдсэн лобораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. Олон улсын допингийн эсрэг байгууллага 2018 оны гуравдугаар сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь хоёр жил, тэгээд дөрвөн, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.

Харин тийм, Олон улсын конвенцид нэгдсэн бол түүнийгээ дагамаар юм. Гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнээ өмгөөлж шүүхэд ханддаг?

– Манай үндэсний бөхөд үүссэн гажиг зүйл. Бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд үндэсний бөхийн холбоонд биш танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг. Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ маргааны нэг сэдэв болно.

Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга гээд допинг дээр хатуу байр суурь баримталж байгаа бөхчүүдийн хэлсэн үгийг буруутгах ямарч үндэсгүй. Одоо л допингд хатуу байхгүй бол үндэсний бөх тун хүнд байдалд орно. Ийм байдалд оруулах гэж байгаа шийдвэр гаргагчдад бөхийн ирээдүй огт хамаагүй. Харин сүүлд нь бөхийн нэр хүнд унасаны бурууг бөхчүүд рүү, холбоо руу чихээд явцгаана. Тиймд энэ наадмаар допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбоо бүртгэхгүй.

Шадар сайдаас допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг удаа дараа Х.Баттулга ерөнхийлөгчид тавьсан, үүнийг шийдсэнгүй. Энэ талаар таны бодол?

-Даншигийн наадам, Цэргийн наадам, Ардын наадам гээд ямарч төрийн үед наадам зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай адил байж ирсэн. Холбоо цолоо өгөөд болоод л байсан. Одоо бол цолны асуудал, допингийн хяналт, хариуцлага зэргээ холбоо бүрэн хариуцаад явах нь зөв байгааг болж байгаа процесс бүрэн харуулж байна. Заавал одоогийнх шиг дарга сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Тэднийг цол олгох, хасах асуудлыг хэдэн жилээр хүлээж байна. Саяханыг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм.

Спорт ялангуяа үндэсний спортод төр хамааралтай болж, үүнийгэ дагаад төрөөс цол чимэг олгох, наадам зохион байгуулах зэрэг ажлуудад оролцохоо болих хэрэгтэй.

Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн хоёр жил боллоо. Тэгэхээр намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Наадмыг төсөв зардал багатай цомхон хийж болно. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй.

МҮБХ наадмын санхүүжилтыг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямарч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төрөөс наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй. Элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсаныг болиулж мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа да. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна. Сайхан наадаарай. МҮБХ Маргаан будлиан үүсэхгүй наадам хийхийг зорьж л байна.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж