Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Хүүхдийн холбооны гишүүдийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус холбооны гишүүдийн төлөөлөл өөрсдийн зохион байгуулсан нөлөөллийн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулан, сурагчидтай хамаарал бүхий нийгмийн харилцааны талаар санал солилцлоо.
ГБХЗХХ-ийн дэргэдэх Хүүхдийн холбоонд Ерөнхий боловсролын сургуулийн 20 сурагч гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан оролцдог. Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулах хугацаандаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд спорт, урлаг соёл, номын хэрэглээ, сайн үйлсийн аян зэргийг зохион байгуулсаар ирсэн гэдгийг гэр бүл хүүхдэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Давааажаргал хэллээ.
Түүнчлэн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг Хүүхдийн чуулга уулзалтын үеэр Хүүхдийн холбооны элч, төлөөлөгчөөр сонгосон гэдгийг хэлсэн юм. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Хүүхдийн холбоог дэмжиж үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөх, цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Сонгинохайрхан дүүрэг Хүүхэд залуучуудын театр, хөлбөмбөгийн комплекс, цэцэрлэгт хүрээлэн, төрх эмнэлэгтэй болох гэх мэт хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа тодотгон хэллээ.