Төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурав

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурав

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2021 оны эхний өдрөөс зургадугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурчээ. Тодруулбал, дээрх хугацаанд Монгол Улс 3.639.6 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувь буюу 187.7 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед нийт 3.827.3 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 914.9 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 201.1 мянган тонн буюу 18 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин 2020 онд жилийн дүнгээр нийт 8.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь өмнөх оны дүнгээс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт хэдий ч төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого 2019 оны дүнгээс 11 хувиар өсч, 639.6 сая ам.доллар хүрчээ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТӨМРИЙН ХҮДРИЙН НИЙЛҮҮЛЭЛТ ӨСЧ, ҮНЭ БУУРЧ БАЙНА

“Business Insider”-т мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 213 ам.доллар давжээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад үнэ буурсан үзүүлэлт юм.

Тонн төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн тавдугаар сард 200 ам.долларт хүрч, түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдсон. Тухайлбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62 хувийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрчээ. Бразилын агууламж өндөртэй 65 хувийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн билээ.

Төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улс тодорхойгүй хугацаагаар Австралитай эдийн засгийн хувьд стратегийн бүх яриа хэлцлээ зогсоосонтой холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Хятадын Хөгжил, шинэтгэлийн хороо (NDRC)-ны мэдэгдэлд “Сүүлийн үед Австралийн Хамтын нөхөрлөлийн зарим албан тушаалтнууд Хятад, Австралийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэд хэдэн арга хэмжээ авсан” хэмээн дурдсан байна.

Австралийн хувьд төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгч бөгөөд Хятадын төмрийн хүдрийн эрэлтийн гуравны хоёр хувийг дангаар хангадаг.

 БНХАУ-д ган үйлдвэрлэл эрчимжсэнээр төмрийн хүдрийн эрэлт өсч буй юм. Өнгөрсөн сард тус улсын гангийн гарц 99.45 сая тонн буюу дээд хэмжээндээ хүрсэн байна. Гэвч цаашид агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтын асуудалтай холбоотойгоор Хятад ган үйлдвэрлэлийг хязгаарлаж, төмрийн хүдрийн эрэлт буурах магадлалтайг “Sinosteel Futures”-ийн шинжээч онцолжээ.

"Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 онд Хятадаас гадна барууны орнуудад төмрийн хүдрийн эрэлт өснө гэж тооцоолж, үнийн таамгаа 90-120 ам.доллар болгон өсгөж байв. "Credit Suisse” үнийн таамгаа 40-50 хувиар өсгөж, тонн төмрийн хүдэр 150 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон. Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч "Vale” 2021 оны олборлолтын таамгаа бууруулж, нийлүүлэлт буурч, үнэ өснө гэж тайлбарлаж байв.

Австрали, Бразилын төмрийн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногт 26.1 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.1 сая тонноор өссөн дүн юм. Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.5 хувиар буурч, тонн нь 1198 юань болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж