АНУ-ын Майами хотын урд хэсэгт 12 давхар барилгын хоёр жигүүр нуран унажээ. Нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр барилгад байсан 100 гаруй хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа эхлээд олон цаг болж байгаа ч 99 хүн одоо болтол олдоогүй байгаа гэнэ.
Майами-Дейд хотын гал унтраах газрын даргын туслах Рей Жадаллагийн хэлснээр барилгын 55 айлын орон сууц бүхий хоёр жигүүр нурсан байна. Албаныхан 35 хүнийг аварсан аж. Тэдний 10-т нь ослын газарт яаралтай тусламж үзүүлэн биеийн байдлыг нь тогтворжуулсан бөгөөд хоёр хүнийг ойролцоо эмнэлэгт шуурхай хүргэжээ. Мөн нэг хүний цогцос олдсон байна. Харин үлдсэн 99 хүн одоо болтол олдоогүй байгаа аж. Ослын газрын аюултай нөхцөл байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагаа хамгийн багадаа долоо хоног үргэлжлэх гэнэ. Амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.
“Аймшигтай сүйрэл боллоо. Одоогийн байдлаар бид шалтгааныг нь тодруулахаар хичээж байна. Ослын газраас харахад барилгын суурь эвдэрч, барилга тэр чигтээ нурсан байна. Бөмбөг дэлбэрсэн мэт санагдаж байгаа ч дүгнэлт хийхэд эрт байна” хэмээн албаны мэргэжилтэн хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ