НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд 1992 оноос хойш Куба улсын эсрэг тавьсан хоригоо АНУ-ын Засгийн газрыг цуцлахыг уриалсан тогтоолыг жил бүр баталдаг уламжлал тогтсон. “Covid-19” цар тахлын үед Кубын эсрэг хориг нь эдийн засгийн хүндрэлийг улам нэмэгдүүлж байгааг НҮБ-ын зүгээс онцолжээ. Тогтоолын төслийн санал хураалтад Эмират, Украин, Колумб улсын оролцоогүй бөгөөд 184 орон дэмжсэн бол АНУ, Израиль татгалзсан байна. Хүний эрхийн идэвхтнүүдийн зүгээс АНУ-ын хориг нь Кубын ард иргэдийн эрхийг системтэйгээр зөрчиж байна хэмээн шүүмжилдэг. Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригез мэдэгдэлдээ АНУ-ын Засгийн газар Хаванагийн эсрэг уламжлалт биш дайныг олон жил үргэлжлүүлж, олон хүний аминд хүрч байгаа учир хоригоо цуцлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. АНУ-ын Засгийн газраас хориг нь Кубын аралд ардчиллыг хөгжүүлэх хүчин чармайлтынх нь нэг хэсэг гэсэн байр суурийг баримталж байна. Өнгөрсөн хугацаанд Кубын эсрэг хоригийг цуцлахыг уриалсан тогтоолын санал хураалтад зөвхөн 2016 онд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед ганц удаа АНУ оролцоогүй өнжсөн байдаг.
60 орчим жил үргэлжилсэн хоригоос болж Кубын эдийн засаг 147.8 тэрбум ам.долларын хохирол амсч байгааг Бруно Родригез мэдэгдсэн байна. Түүнчлэн 2019 оны дөрөвдүгээр сараас хойших эдийн засгийн хохирол нь есөн тэрбум ам.доллар болсныг Кубын Гадаад хэргийн сайд онцолжээ. АНУ-ын тавьсан хоригийн улмаас Куба улс нь цар тахлын үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл зэргийг чөлөөтэй авч чадахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд амьсгалын аппарат худалдан авахын тулд Куба улс олон саад бэрхшээлтэй тулгарсныг Ерөнхий ассамблейн хуралд Кубын төлөөлөгч мэдэгджээ. Цар тахлын улмаас Куба улс нь хилээ хааснаар төсвийн гол орлогыг бүрдүүлдэг аялал жуулчлалын орлого тасалдсан байна. Кубын социалист дэглэм нь 2020 онд хилийн хатуу арга хэмжээг мөрдөж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжтой бүх аргаа хэрэглэсний ачаар халдварын тоог 12 мянганд барьж чаджээ. Гэвч хилээ нээсний дараа халдварын тоо нь огцом өсч, өдөрт 2055 шинэ тохиолдол бүртгэгдэх болжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 171 мянган хүн халдвар авч, 1193 хүн нас бараад байна.
АНУ, КУБЫН ХАРИЛЦАА
АНУ, Кубын харилцаа бүс нутаг төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татдаг. Хоёр орон 1961 оноос хойш тасалдаад байгаа дипломат харилцаагаа сэргээх томоохон алхмуудыг Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хийсэн. Тухайлбал, хоёр улс нийслэл хотууддаа харилцан элчин сайдын яамуудаа нээх тухай тохиролцсон юм. 1959 онд болсон Кубын хувьсгалын дараа АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Кубын эдийн засгийн хамгийн чухал салбаруудын хэвийн үйл ажиллаагааг алдагдуулах нь эдийн засгийн хориг арга хэмжээний гол зорилго байсан юм. Үүний дараа 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубын эсрэг бүрэн хориг тогтоожээ. Хоригийн дагуу АНУ-ын компаниуд Куба улстай худалдаа хийхийг хориглох, америкчуудыг Кубад аялал жуулчлалаар очихыг хориглох, Кубын усан онгоц, агаарын хөлгийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх зэрэг заалт орсон байна. Харин АНУ, Куба 2014 оны эцсээр харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон юм.
“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АРАЛ” ГЭГДЭХ КУБА УЛС
Куба орон нь Куба хэмээх гол арал, Ювентудын арал болон хэдэн жижиг арлаас бүрддэг Карибийн тэнгист оршдог арал улс юм. Арлууд нийлээд 109.886 км2 талбайтай. Нийслэл хот нь Хавана. Нийт хүн ам нь 11.2 сая бөгөөд Карибийн тэнгисийн орнуудаас хамгийн их хүн амтай улс юм.
Куба Испанийн эзэмшилд 1898 он хүртэл буюу бараг 400 жил байжээ. Энэ хугацаанд газар тариалан, уул уурхай дээр суурилсан эдийн засагтай байсан бөгөөд Европ руу сахар, кофе болон тамхи экспортолдог байв. 1820-иод онд Латин Америк дахь Испанийн эзэмшилд байсан газрууд эрх чөлөөний төлөө босч, тусгаар улс болж эхэлсэн байна. Харин Куба үнэнч хэвээр байсаар байж. Энэ ч утгаараа “Үргэлж Испанийн үнэнч арал” гэх лоозонтой болжээ. Харин эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх бослого 1868 онд эхэлсэн байна. Карлос Мануэль де Сеспедесийн удирдсан уг бослого арван жилийн дайны эхлэл болсон юм. АНУ болон Европ, Латин Америкийн олон орнууд Кубыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Теодор Рузвельт сонгогдож, 1901 онд Испанитай хийсэн хэлэлцээрийг цуцалсан байна. 1902 оны тавдугаар сарын 20-нд Куба улсын тусгаар тогтнолыг АНУ хүлээн зөвшөөрсөн юм. Бүр хожим нь 1956 онд Фидель Кастро эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээж, түүний удирдсан босогчид 1959 оны нэгдүгээр сарын 8-нд нийслэл хотод нэвтрэн засгийн эрхийг гартаа авчээ. Үүний дараахан Мануэль Уррутиа Ллео ерөнхийлөгчөөр сонгогдож, Кастро ерөнхий сайдаар томилогдсон байна. Уррутиа мөн оны долдугаар сард огцорч, түүний халааг Освалдо Дортикос Торрадо аван 1976 он хүртэл төрийн тэргүүний албыг хашчээ. Харин түүний оронд Фидель Кастро ерөнхийлөгч болж, 2008 он хүртэл улсаа удирдсан юм.
2008 оны хоёрдугаар сард Фидель Кастрогийн дүү Рауль Кастро ерөнхийлөгч болж томоохон өөрчлөлтийг хийж эхэлсэн байна. Тэрбээр коммунист газар тариалангийн системийг халж, өдгөө нийт хүнсний 80 хувийг гадаадаас импортолдог болсон байна. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох никель нь дэлхийн зах зээлийн 6.4 хувийг хангадаг. Түүнчлэн сахар, тамхи, эмийн бараа болон кофены экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ. Кубын иргэд ердөө 2010 онд л хувийн байшин барих эрхийг олж авсан байна. ДНБ-ий 9-13 хувийг цэргийн зардалд зарцуулдаг бөгөөд үүний үр дүнд Латин Америкийн хоёр дахь том зэвсэгт хүчинтэй улс болж чаджээ. Цэргийн салбар нь хамгийн хүчирхэг, нөлөө бүхий салбарт тооцогддог.
Холбоотой мэдээ