Монголын төр цалингаа тавьж чадахгүйд хүрлээ!

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Монголын төр цалингаа тавьж чадахгүйд хүрлээ!

Монголын төр цалингаа тавьж чадахгүйд хүрлээ!

Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн баяжмалын үнэ өссөн алтан боломжийг Монгол Улс алдав. Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө замхарч байх шиг. Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр гаруй жил нүүрсний экспорт уруудсаар одоо тэг зогслоо. Хятадын талаас тавдугаар сараас хойш хязгаарлалтыг чангаруулсаар хилээ хаасан нь бидэнд ёстой л "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэдгийг сануулж байна.

Урд хөрш нүүрснээс татгалзаж байгаа нь Монголд халдварын нөхцөл байдалтай холбоотой. Гэвч төрд хэлэх үг алга. Ямар бид сонгуульдаж, шагнал урамшуулалд бялуурч баярлаж байгаад цар тахлыг хяналтаасаа алдчихлаа гэлтэй нь биш. Уг нь Хятадын талаас бидэнд халдварын тархалтыг хумих шаардлагатайг өмнө нэг бус удаа сануулж, нүүрсээ бага хэмжээтэй ч импортолсоор байсан нь нууц биш.

Харамсалтай нь эл боломж хумигдсаар өнөөдөр урд хөрш хилээ хааснаар төр урд хормойгоороо хойд хормойгоо хэрхэн нөхөх вэ гэдэгт толгой гашилгаж буй. Хилийн боомтуудын нөхцөл хүндэрч, уул уурхайн томоохон компаниуд хаалгаа барилаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр "Энержи ресурс", Оюутолгойн экспорт зогссон нь бидний хувьд том цохилт болж байна.

Эдийн засгийн талаас өвчтөнтэй зүйрлэвэл сэхээн амьдруулах тасагт байгаагаас ялгаагүй. Учир нь, улсын төсөвт нүүрсний экспортоос бүрдүүлдэг орлогын дийлэнх нь "Энержи ресурс" “Оюутолгойн орд бүрдүүлдэг. Татварын ерөнхий газраас 2020 онд хамгийн их татвар төлсөн шилдэг 10 аж ахуйн нэгжид  "Энержиресурс" ХХК, Оюутолгойн орд шалгарч байв. Гэтэл бидний ад үздэг Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөе, гэрээгээ цуцалъя гэж хөөж гаргахыг хүсээд байгаа компани өнгөрсөн жил  350.7 тэрбум төгрөгийг татварт төлжээ.

Тодруулбал, эдийн засагч Ч.Хашчулуун, Х.Цэвэлмаа нарын "Covid-19-ийн цар тахлын үеийн Оюутолгой төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө" судалгааны материалд Монголын эдийн засгийн хүдрэлийг даван туулахад тус төсөл зохих нөлөө үзүүлсэн гэжээ. Судалгааны материалд дурдсанаар "Covid-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны 1, 2 дугаар улиралд ихээхэн буурсан. "Оюутолгой" ХХК-ийн хувьд хэдийгээр төсөвт төлсөн татвар хураамжийн дүн бага хэмжээгээр буурсан ч 2020 он III, IV улиралд нэмэгдэж, covid-19-гүй байх үеийн дүнгээс давж гарсан нь Монголын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зохих нөлөөг үзүүлж чадсан. Цар тахлаас өмнөх найман жилд буюу 2012-2019 оныг хүртэл нэг жилийн улсын төсвийн татварын орлогын 9.51 хувийг бүрдүүлдэг байсан бол 2020 онд 9.72 хувийг бүрдүүлжээ. Цар тахлын өмнөх жилийнхээс Оюутолгой компанийн улсын төсвийн татварын орлогод эзлэх хувь нь 0.95 пунктээр илүү болж, мөн Өмнөговь аймагт төлсөн нийт татвар, төлбөрийн хэмжээ Covid-19 цар тахлын үед 2020 оныг 2019 онтой харьцуулахад 2.32 хувиар нэмэгдсэн. Оюутолгой компанийн аймгийн төсөвт оруулсан татвар хураамжийн дүн жил болгон нэмэгдэж, эзлэх хувийн жин 2018, 2019, 2020 онд харгалзан 31 хувь, 43 хувь, 47 хувь болжээ. Энэ хэвээр үргэлжилбэл 2021 онд аймгийн төсвийн 50 хувийг Оюутолгой компани дангаар бүрдүүлэх түвшинд хүрэхээр байна" хэмээн онцолжээ.

Монгол Улсын уул уурхайн хувь нэмрийг тооцоход их өндөр хувьтай байгаа бөгөөд 2020 оны жагсаалтад Монгол Улс тус үзүүлэлтээр дэлхийд 3-рт эрэмбэлэгдсэн.

Үзүүлэлт:

  •  Экспортод эзлэх хувь 85.6 хувь
  •  ДНБ-д эзлэх хувь 37.6 хувь
  •  Уул уурхайн салбарын орлого ДНБ-д эзлэх хувь 28.8 хувь гэж тооцжээ.

Өөрөөр хэлбэл, хүнд хэцүү цаг үед уул уурхай монголчуудыг "тэжээж" байгаа ганц салбар болжээ. Тэдэнд төр төдийгүй тэтгэвэр, тэтгэмж авагчид, төрийн албан хаагчид, эмч багш нар талархах ёстой.

Гэвч өнөөдөр айлтай зүйрлэвэл бид “тэжээгч”-ээ алдчихлаа. Улсын хэмжээнд 200 гаруй мянган төрийн албан хаагч, 134 мянган хүний  халамж, 439 орчим мянган хүний тэтгэврийг цагт олгох эсэх нь ч тодорхойгүй, төр цалингаа тавьж чадахгүйд хүрлээ.

Экспорт зогсноор энэ онд нүүрсний орлогын талыг алдах эрсдэл ч энүүхэнд байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас бид нүүрснээс олох орлогоос тэрбум гаруй төгрөг алдсан. Товчхондоо, Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр ч экспортоос хамааралтай, бусдаас хараат байгаа нь үнэн. Эдийн засагч Л.Оюун “Улсын төсөв бүрдүүлдэг гол экспортын салбар уул уурхай. Нүүрсний экспорт тэг зогсоно гэдэг дотоодод мөнгөний урсгал тасарна, төсөвт орлого төвлөрөхгүй болно. Төсөв мөнгөгүй бол бусад салбар ч тэг зогсолт хийнэ. Энэ бол маш ноцтой асуудал. Экспорт зогсч байгаа нь Монгол Улсыг халдварын эрсдэл маш өндөр гэж үзэж байгаатай холбоотой. Хамгийн том импортлогч улс Хятадын тал хилээ хааж, нүүрснээс татгалзаж байгаа нь төсөв мөнгөөр дутагдахаас авахуулаад олон эрсдэл гарч болзошгүй.

Цар тахал, экспортын тэг зогсолт бидэнд дотооддоо өртөг бүтээдэг үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай гэдгийг харууллаа. Өртөг шингээж, боловсруулахгүй түүхий эдийн бүтээгдэхүүн экспортолдгоос өнөөдөр ийм байдалд хүрч байна. Уул уурхай, түүхий эдээ угааж боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох шаардлагатай. Уул уурхайн түүхий эдээ боловсруулах бүтээгдэхүүнийг боловсруулахгүй бол цаашид  нөхцөл байдал илүү хүндэрнэ.

Нэг үгээр хэлбэл, Монгол Улс бие даасан эдийн засагтай биш гэдэг нь харагдаж байна. Экспорт, импорт зогсвол бүхий л хэрэгцээ зогсоно” гэлээ.

Цар тахал дэгдэхээс өмнө 2017-2019 онд уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн орлого тогтмол өсч байв.  Одоогоос хоёр жилийн өмнө 2019 онд оргил үедээ 2.6 орчим  их наяд төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр төсөв төвлөрүүлсэн нь өмнөх оноос 27.8 хувиар өссөн үзүүлэлт болж байсан нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой. Харин Covid-19 халдвар дэгдсэн 2020 оны эхний таван сар дараалан аж үйлдвэр уул уурхайн салбар уналтад орсон. Нүүрсний экспортын хувьд төмөр зам ашиглалтад оруулж өртгөө бууруулах асуудал шийдлээ хүлээж байтал эдийн засаг хямарч төр цалингаа тавьж чадахгүйд хүрлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж