Флорида цагаачдын эсрэг хуулиа чангатгана

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Флорида цагаачдын эсрэг хуулиа чангатгана

АНУ-ын Флорида муж улс “хууль бус” цагаачдын эсрэг хэрэгжүүлэх хууль тогтоомжоо чангатгаж, цагдаа нарт бичиг баримтгүй гэж сэжиг төрүүлсэн иргэдийг баривчлан саатуулах илүү эрх мэдэл олгохоор хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа тухай мужийн засаг захиргаа мэдээлжээ.

Аризона муж улсад ихээхэн шуугиан дэгдээсэн цагаачдын эсрэг гаргасан хуулийн дараа энэхүү хуулийг  батлан гаргах гэж байгаа бөгөөд тус мужийн хууль зарим талаар Аризона мужийнхаас ч илүү хатуу чанга болох төлөвтэй. Флоридагийн хуулиар цагаачлалын хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн иргэдэд шүүгч нар их хэмжээний торгууль ногдуулах, бүр гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлсэн ял тулгах заалтууд орсон байна.

Флорида муж улсын Хууль зүйн сайд Билл МакКоллум “Шинэ хуулийн заалт нь манай иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах найдвартай зэвсэг болохоос гадна хууль бус цагаачлалын үр дүнд бий болсон олон асуудлыг шийдвэрлэх боломжийг бий болгоно” гэж ярьжээ. Тэрээр “Тус улсад хуулийн дагуу оршин суугаа болон хууль бусаар амьдарч байгаа цагаач иргэдийн эрхийг хамгаалах тэнцвэржүүлсэн хууль болох бөгөөд олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэх юм” гэж хэлсэн байна.

Флоридад гарах шинэ хуулиар замын хөдөлгөөний дүрэм болон аливаа зөрчил гаргасан гадаадын иргэдийн оршин суух эрхийн статусыг цагдаа нар шалган үзэх эрхтэй болж байгаа юм байна. Урьд өмнө ийм шалгалтыг зөвхөн цагаачлалын албаны хүмүүс л хийдэг байжээ.

Сайд МакКоллум энэ оны 11 дүгээр сард болох Флорида мужийн захирагчийн албанд нэрээ дэвшүүлж, батлагдах гэж буй энэ хуулийн заалтыг сонгуулийн гол уриа болгосон байна. Гадаадын харъяат иргэд ийм асуудалд орооцолдохгүйн тулд өөрийн биендээ албан ёсны бичиг баримтаа заавал авч явах ёстой болох юм байна.

Шинэ хуулиар цагаач иргэдийг ажилд хөлслөн авч байгаа байдалд илүү их хяналт тавих бөгөөд энэ зорилгоор гадаадын иргэд ажиллуулж буй аливаа аж ахуйн газар цагаач иргэдийг хууль тогтоомжийн дагуу гэрээ хийж ажлуулж байгааг нотолсон цахим систем хэрэглэхийг шаардах ажээ. АНУ-д албан ёсны бичиг баримтгүй 11 сая цагаач иргэд оршин суудаг гэсэн тоо баримт байдаг аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж