"Хашаа, орцоо 3D зургаар чимэх гэсэн хүсэлт их ирдэг болсон"

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

"Хашаа, орцоо 3D зургаар чимэх гэсэн хүсэлт их ирдэг болсон"

"Хашаа, орцоо 3D зургаар чимэх гэсэн хүсэлт их ирдэг болсон"

Хээ угалз, хэлц мэргэн үгс, өнгө өнгөөр солонгорох сэтгэлд дулаан орчин. Энэ бол Дархан-Уул аймгийн “Хээтэй хотхон”-ы тавдугаар орцныхон. Тэд амьдардаг байраа хамтран тохижуулж, айл саахалт, хөршийн холбоон тод жишээг олон хүнд үлгэрлэсэн. Ингээд хөршийн холбоог чухалчилдаг М.Жанлавтай ярилцлаа. Багш мэргэжилтэй тэрбээр самбар дээр амилуулдаг бүтээлээ өөрийн амьдардаг орцныхоо хананд буулгасан нь сонирхол татна. Түүний орцоо тохижуулж хана, шатны бариул дээр зураг зурж буй үйл явц олон хүний гайхшралыг төрүүлж чадсан юм. Харин энэ бүтээлүүд нь нэг орцны 14 айлын гишүүн бүрийн оролцооноос бүтсэн түүхтэй. Цаашид орцноосоо давлагаалан хүрээгээ тэлж Дархан-Уул аймгийн олон байрыг зургаар сэргээх хүсэлтэй байгаагаа хуваалцсан юм.


-Дүрслэх урлагийн багш мэргэжилтэй гэж сонссон. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Тийм ээ, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй. Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд дүрслэх урлаг, дизайн технологийн багшаар ажилладаг. Шавь нартаа зааж, сургахаас гадна үлгэрлэж явахыг хичээдэг хүн.

-Байр тохижуулах үеийн зураг нийгмийн сүлжээнд цацагдаж, олон хүнд хүрсэн. Хүмүүсийн хандлага хэр урамшуулсан бэ?

-Хүмүүс их эерэг сэтгэгдлүүд үлдээсэн байсан. Тэр бүгдийг уншаад илүү сайхан зүйл олон бүтээхийг хүссэн. Нийгмийн сүлжээнд тавьсан байрны ханаа сэргээж байгаа үйл явцын агшныг тийм их хүн хуваалцана гэж төсөөлөөгүй. Бид зураг хийж хандалт авах гэж бус өөрсдийн хүссэн таатай орчноо л бүрдүүлэхийг зорьсон. Хэдийгээр би энэ ажлын гүйцэтгэгчээр ажилласан ч манай байрны оршин суугчид, СӨХ-ны хамт олны дэмжлэгтэйгээр хуучны байраа орчин үеийн шийдэлтэй болгож чадсан.

-Хичээл орохгүй байгаа учраас заваараа орон сууцаа тохижуулах ажлыг эхлүүлэв үү?

-Цар тахалтай холбоотой танхимын хичээлийг зогсоосон. Энэ хугацаанд цахимаар шавь нартайгаа холбогдож хичээлээ орсон. Мэдээж гэртээ байгаа хугацаанд тодорхой хэмжээний чөлөөт цаг гарна. Гэр бүлдээ зарцуулах цагаараа л амьдарч байгаа байраа өөрийн чадах зүйлээрээ тохижуулахыг хүссэн.

-Анх хөршүүдээрээ нэгдэн, орцоо тохижуулах болсон тухайгаа ярихгүй юу?

-Манай байрны оршин суугчид сардаа нэг уулзана. Интернэтээр бол үргэлж холбоотой байдаг. Хөршийн холбоо маш сайн. Тиймээс оршин суугчдаараа ярилцаж байгаад байраа гоё сайхан болгох орцоо засъя гэдэг санал санаачлага гаргасан. Тэгж хэлэлцэж байгаад миний бие өөрийн чадах зүйлээ хийж, орцоо цэвэр сайхан үзэмжтэй болгож байгаа юм чинь зураг зурж яагаад болохгүй гэж бодоод санаагаа хэлж, зураг зурах ажилдаа ханцуй шамлан орсон.

Хананы зураг өмнө нь тийм ч олон удаа зурж байгаагүй. Зуны амралтаараа Улаанбаатарт очихоор хэдэн захиалга өгсөн айлын хашааны гадна зурж үзэж байсан. Түүнээс өмнө нь байрны давхар бүрийн ханыг зургаар дүүргэсэн туршлага байхгүй.

-Шавь нар, байрны хүүхдүүдээс нь зураг зурсан уу. Хүүхдүүд ер нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүний, өөрийн гээд таньж мэддэг хүүхдүүд сэтгэл гарган тусалсан. Ялангуяа 3D зураг хүүхдүүдийн сонирхлыг их татаж байгаа нь ажиглагдсан. "Жанлав ах аа алийг нь зурж туслах вэ" гээд л хүүхдүүд их адтай.

Өнгө, будаг сэтгэлтэй хосолсон сайхан бүтээлүүдээр орц маань дүүрсэн.

-Мэдээж гоё чамин харагдах нь сайхан ч чанартай бүтээл хийх нь чухал байх. Зургаа амилуулах будгаа сонгохдоо ч анхаарав?

-Тийм шүү. Аливаа зүйлийг чанартай хийх нь чухал. Оршин суугчидтайгаа анх ярилцахдаа л байрныхаа нялх балчир хүүхэд, жирэмсэн ээжүүдээ хүндлээд үнэргүй эко будгаар зургаа зурах шийдвэр гаргасан. Гэхдээ эко будгийг дараа нь заавал лакдаж, хатаах ёстой байдаг. Тиймээс бид төсөвлөсөн мөнгөөрөө аль болох сайн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч хэнд ч төвөггүй сайхан мэдрэмжийг төрүүлэхийг зорьсон.

ОРЦНЫ ДАВХАР БҮР ОРШИН СУУГЧДАА ДҮРСЭЛСЭН

-Нууц биш бол нэг айл хэдэн төгрөгөөр нэгдэж, амьдрах орчноо сайжруулсан бэ?

-Засварын ажлын төлөвлөгөө маань хамгийн эхлээд хуучин модон хүрээтэй цонхнуудаа сольж, вакум цонх болгох байсан. Түүний дараагаар хана, шат, шатны бариулынхаа өнгийг сэргээж, чимэглэх, зурах ажлыг хийнэ гэж тооцоолсон. Энэ бүгдийг тооцож нэг өрхөөс 200 мянган төгрөг нийлүүлж орцоо тохижуулсан. "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг шиг саахалт айлуудтайгаа нэгдэж хэн ч орж ирсэн уулга алдам орчинг бүрдүүлэх хүслээ биелүүлсэн.

Манай байр таван давхар, орцондоо нийт 14 айлтай. Нэг давхартаа хоёр айл байдаг гэсэн үг. Давхар бүрийн зураг, хээ, хэлц үгс бүгд өөр. Зургийн онцлогийн тухайд орцны хана хоёр талтай шүү дээ. Түүний нэг талд нь спортын зураг, нөгөө талд байгалийн зураг зурсан. Харин цонхтой талдаа 3D дүрс зургуудаар чимэглэсэн байгаа.

Давхар бүр оршин суугаа өрхийн онцлогийг харуулж зурахыг хүссэн. Тухайлбал, нэгдүгээр давхарт нялх хүүхэдтэй айлууд байдаг учраас хүүхдийн орчин, хөл бөмбөгийн спортын мастер тамирчин амьдардаг учраас мөн л орчин нөхцөлөөр дүрсэлсэн. Харин гуравдугаар давхарт гар бөмбөгийн орчин, дөрөвдүгээр давхарт сагсан бөмбөгийн дүрслэлийг гаргахыг хичээсэн. Тавдугаар давхарт байгаль, ан амьтны зураглалтай орчныг бүрдүүлсэн байгаа.

-Одоо тохижилтын ажил нь дууссан уу. Хэр хугацаанд ямар ажлуудыг амжуулав?

-Байрныхаа орцыг тохижуулах, цэвэр цэмцгэр болгох ажил бүрэн дууссан. Одоо харин зурагнаас гадна зүйр цэцэн үгсийг давхар бүрийнхээ хана дээр хэвлүүлж тавих ажил дутуу байна. Зүйр үгнүүдээ сонгоод хэвлэлтэд өгчихсөн байгаа. Ингэж зүйр үгс тавивал хүмүүс шатаар алхахдаа нэгийг бодно. Хүүхдүүд ч сонирхоод дахин дахин уншсаар байгаад амархан цээжилнэ гэж бодож байна.

ОРЦОО ЗАСВАРЛАХАД ТУСЛААГҮЙ ХҮН БИТГИЙ ХЭЛ ХҮҮХЭД Ч БАЙГААГҮЙ

-Оршин суугчдын зүгээс хэрхэн хүлээн авч байна вэ?

-Их найрсаг хүлээж авсан. Орцоо засварлахад туслаагүй хүн битгий хэл хүүхэд ч байгаагүй. Айл бүрээс хүн гарч ирээд л хана, шат зэргийг өнгөлж, будаад л оролцоо маш сайн байсан учраас богино хугацаанд ажил дууссан. Байрныхан айл хөршүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг учраас ажил мэргэжил, хувь хүн талаас нь ч хүндлэлтэй харилцаж чаддаг.

-Өөр байр, орцноос санал ирсэн үү?

-Мэдээж ирсэн. Санал тавихаас гадна орцтой чинь танилцъя гэж газар газраас хүмүүс ирсэн. Улаанбаатар, Шарын голоос гээд хэд хэдэн газраас орцны тохижилттой танилцсан байгаа. Манай байр гэхэд л олон орцтой. Зэргэлдээ орцны өрхүүд ярилцаж байгаад зураг зуруулах сонирхолтой байна гэдгээ хэлсэн. Өөр байрны оршин суугчид ч хүсэлт ирүүлж байна. Самбар дээр зурж, шавь нартаа зааж сургадаг багш мэргэжилтэй хүн чинь хүмүүсийг таатай хүлээж авахаар бүр ч урамшина. Цаашид шавь нартайгаа хамтарч ажиллах талаар бодож яваа.

-Өдрийн хэдэн цагийг зураг зурахад зарцуулж байв?

-Тодорхой цаг товлолгүй тааваараа хийсэн. Хэзээ чөлөөт цаг гарна, тэр хугацаандаа орцондоо гараад л зургаа зураад зогсчихно. Засвар тохижилтын ажил тавдугаар сард эхэлж, саяхан дууссан байгаа. Нийт сар гаруй хугацаанд хөршүүдтэйгээ бүр ч сайн харилцаатай болсон.

-Цаашид зөвхөн багшлахаас гадна чөлөөт бүтээл хийх, урлан нээх эсвэл өөр ямар нэгэн төлөвлөсөн зүйл бий юу?

-Одоо цэцэрлэгийн тохижилтын ажил эхлүүлчихсэн явж байна. Миний хувьд жил бүр Дархан-Уул аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн ханыг зургаар дүүргэж, тохижуулж ажилладаг. Түүнээс орц тохижуулсан нь анхных байлаа. Цаашид өөрийн гэсэн урлантай болбол бүтээл дээр түлхүү ажиллаж, бие даасан үзэсгэлэн гаргах сонирхолтой. Шавь нар маань мөн маш амжилттай суралцаж, их сургуулиудаа төгсч, ажил амьдралын гараагаа эхлүүлээд явж байна. Тиймээс дараа дараагийн шавь нараа бэлтгэх тал дээр ч сайн анхаарах бодолтой байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж