Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай өнөөдөр/2021.06.24/ хамтарсан уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
-Энэ жил гаран хугацаанд нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлдэг хоол хүнс үйлдвэрлэл, кафе, зоогийн газруудын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан. Олон улстай харьцуулбал Монгол Улсын явуулж буй үйл ажиллагаанууд дэлхийд жишиг тогтоож байгаа. Бид зорилтот бүлгээ 100 хувь вакцинд хамруулсан. Үйл ажиллагаагаа нээхийн тулд бид дүрмээ тохирох ёстой. Нийгэмд буруу ойлголт түгээж буй зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс байна. Харилцан ойлголцлын санамж бичиг гээд өнөөдөр ирсэн. Ресторан, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээ эрхэлж буй хүмүүс дэглэмээ бариад, хариуцлагын гэрээн дээрээ гарын үсгээ зурчихвал бид хориглоод, зогсоохгүй гээд байгаа зүйл байхгүй. Халдварын дэгдэлт хүүхэд, жирэмсэн эхчүүд рүү орж байна. Хоёр тундаа бүрэн хамрагдаад 14 хоночихсон хүмүүст үйлчлээд, ширээн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ баримталбал болчих гээд байна. Өмнө нь 2-3 удаа үйл ажиллагаа нь нээчихсэн чинь бүгд л хэвийн юм шиг үйлчлүүлдэг. Ямар ч зай барихгүй, дэглэм барихгүй, халдвартай хүн байхгүй юм шиг л байдаг. Одоо "Хариуцлагын гэрээ" байгуулаад хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж болно шүү дээ. Холбогдох хүмүүс нь гэрээн дээрээ гарын үсэг зураад тал талдаа хяналтаа тавихад болохгүй зүйл байхгүй. 1000 хүнтэй Соёлын төв өргөөнд дэглэмээ бариад 1-2 цаг сайн ярилцаад ойлголцоход надад бол татгалзах зүйл байхгүй. Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” хийж дүрэмтэй болоод үйл ажиллагаагаа эрхлэх бүрэн боломжтой. Харин хууль дүрмээ биелүүлэхгүй бол хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Бямба гаригийн /06.26/ 12.00 цагт Соёлын төв өргөөнд ресторан зоогийн газар, кофе шопуудын төлөөллүүдтэй би уулзана. Тэнд дэглэмээ сайн баримталж, ярилцъя. "Хариуцлагын гэрээ" гэдэг зүйлээ байгуулъя. Энгийнээр хэлэхэд дөрвөн зүйл дээр анхаарна. Хоёр тундаа хамрагдаад 14 хоног хоночихсон алба хаагчид, ажилчид, үйлчлүүлэгчид байна. Ширээ хоорондын зайгаа мөрдөнө. Үйлчлүүлж буй хүнийхээ тоог шахахгүй байх зэрэг л гол анхаарах зүйлс бий.
Дараагийн хугацаанд фитнесс, жимүүдтэй ийм гэрээг байгуулна. Бямба гаригт 1000 гаруй хүнтэй би уулзаад гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа нээе. Өөр надад шинэ, шинэлэг санаа алга.
Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын Ерөнхийлөгч М.Есөнмөнх:
-Манай салбар сүүлийн 1.5 жилийн 50 хувьд нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Үйл ажиллагаагаа хаах бүрт хүнсний бүтээгдэхүүн хоол хаягдал болдог. Өнөөдөр заалаар үйл ажиллагаа явуулна гэж бодож байхад та нар өчигдөр 22.00 цагт зөвхөн хүргэлтээр л үйлчилнэ гэсэн. Ингээд л бид хохироод байна. Манай салбарын 25 хувь нь дампуурсан, 35 хувь нь ажилтнуудаа цомхотгосон. Дүрэм журмаа биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдээс болж бусад нь хохирч байна. Тиймээс бид хариуцлагаа үүрээд явахад бэлэн байна.
УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос өчигдөр мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг хийж байна.
Posted by Нийслэлийн мэдээ on Thursday, June 24, 2021
Холбоотой мэдээ