Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.06.24/ хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид нэр дэвшигчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох санал дээр нэгджээ. Удирдах зөвлөлийн хуралд У.Хүрэлсүх өөрөө Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд маргааш өглөө 08.00 цагт хуралдах намын Бага хуралд оруулахаар болсон байна.
Намын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх "Залуу лидерүүд нам, Засгийн газраа тэргүүлээд явж байгаа учраас ард түмнийхээ төлөө, нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж, зүтгээрэй" гэдгийг намын гишүүддээ захижээ. Намын даргад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ ч нийт ард түмнийхээ төлөө, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ Удирдах зөвлөлийн гишүүддээ хэлсэн байна.
МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч томилох Бага хурал маргааш өглөө 08.00 цагт эхлэх бөгөөд Бага хурлын гишүүд биечлэн оролцох юм байна. Мөн МАН-ын Бага хурал Бямба гариг буюу зургадугаар сарын 26-нд хуралдаж, намын дотоод асуудал, Бага хурлын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ