Мьянмарын Мандалайд босогчид цэргүүдтэй буудалцсаны дараа Ард түмний батлан хамгаалах хүчин зэрэг зэвсэгт бүлэглэлүүд хунтын дэглэмийн эсрэг албан ёсоор дайн зарлав.
Мандалай хот дахь Ард түмний батлан хамгаалах хүчин бүлэглэлийн төлөөлөгч Бо Тун Таук Найан “Бид албан ёсоор дайн зарлаж байна. Удаан хугацаанд бэлдэн хүлээсэн өдөр ийнхүү ирлээ” хэмээн энэ долоо хоногт мэдэгдсэн аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ долоо хоногт болсон дээрх буудалцаан хувьсгалаас хойш хот дотор, тэр тусмаа орон сууцнуудын орчинд болсон анхны ноцтой тулаан юм.
Эргэн санавал, энэ оны хоёрдугаар сарын 1-нд өглөө эрт Мьянмарын арми цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авч, ардчилсан сонгуульд ялалт байгуулсан Аун Сан Су Чи болон түүний холбоотнуудыг баривчилсан билээ. Эл үйл явдлыг мьянмарчууд эсэргүүцэн хэдэн өдрийн турш тайван жагсаал хийн, гудамжинд дуулж, бүжиглэн байр сууриа илэрхийлцгээж байв. Гэвч арми тэднийг харгис аргаар дарахыг оролдож, жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан 800 хол илүү энгийн иргэн хөнөөсөн юм. Түүнээс хойш ардчиллыг дэмжигч залуус хоорондоо нэгдэн, орон нутгийн эртнээс Мьянмарын армитай тэмцэлдэж буй зэвсэгт бүлэглэлүүдтэй тохиролцож, зохион байгуулалттайгаар иргэдийг цэрэгжүүлж, өөрсдийн гараар зэвсэг угсран цуст тэмцэл эхлүүлсэн юм.
Гэвч ихэвчлэн хөдөө тосгодод болж байсан тулаан ийнхүү хотод болж, Ард түмний батлан хамгаалах хүчин албан ёсоор дайн зарласан зэргээс харахад цаашид тулаан улам ширүүссээр, жинхэнэ иргэний дайны шинжтэй болж магадгүй байна. Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зах хязгаар нутгуудад очин туршлагатай зэвсэгт бүлэглэлүүдээр байлдааны хичээл заалгасан олон мянган залуу өөр өөрсдийн төрөлх хотдоо эргэн ирцгээж, тулаанд бэлтгэж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: INSIDER