Бүсээ чангалсан үйлчилгээний газрууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Бүсээ чангалсан үйлчилгээний газрууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэв

Бүсээ чангалсан үйлчилгээний газрууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэв

УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос өчигдөр мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна.

Аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн гэж үзэж байгаа юм. Тэд нийгмийн сүлжээнд  ❗#Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.

Мэдэгдэлд: 

"Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нэлээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ.  Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе" гэжээ. Өнгөрсөн 2020 оноос эхлэн аж ахуйн нэгж байгууллагууд төр засгийн шийдвэрийн дагуу хаалга, үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоосон. Бүтэн нэг жилийн турш иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бүсийг чангалсан төр засаг нь баяр наадам, одон медальд багагүй мөнгө зарцуулах болсон нь шударга бус шийдвэр юм. Татвар төлөгчид нь хүнд хэцүү цагт хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгийг захиран зарцуулагчид нь үрэлгэн зарцуулж буйд ард иргэд ч бухимдалтай байгаа билээ.  Ийнхүү 2020 онын нэгдүгээр сараас  ашиг орлого нь муудсан, үйл ажиллагаа нь зогссон бизнес эрхлэгчид эхнээсээ тэвчээр нь барагдаж байна.

Мөн тус газрын мэдэгдлээс гадна маш олон үйлчилгээний байгууллагууд  Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа сэргээнэ гэдгээ мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
286
ТэнэглэлТэнэглэл
84
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж