Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Ирээдүйгээ хамгаалъя” аяны талаарх өнөөдөр /2021.6.24/ мэдээллээ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.БААТАРХҮҮ:
-Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн захирагчийн албатай хамтран аж ахуй нэгжүүд халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн баримталж байгаа талаар хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар долоо хоногийн хугацаанд халдварын дэглэм зөрчсөн нийт 3316 зөрчил аж ахуй нэгжүүдээс илрүүлж, халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх хүрээнд зөвлөмж, чиглэлийг өгч, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Үйлчилгээний байгууллагуудад илэрч буй дийлэнх зөрчлийн хувьд иргэд амны хаалт зүүхгүй байх тохиолдлууд гарч байна. Мөн бага насны хүүхдээ гол усанд хараа хяналтгүй тоглуулснаас болж хүүхэд живж байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Нийслэлийн хэмжээнд угаарын хийд хордсон дуудлага мэдээлэл ихээр ирж байна. Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсч байгаа учраас гэр хорооллын өрхүүд гал түлж байгаа. Тэгэхдээ яндангаа хөөлөөгүй болон өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэлтэй байна. Үүнээс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн халууныг болон вакцины хоёрдугаар тунд хамрагдсан эсэхийг хянахгүй байгаа зөрчлийг илрүүлсэн. Зөрчлийг арилгахад цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагч ажиллаж байна. Иргэд та бүхэн эрсдэлтэй цаг хугацаанд өөрийгөө хамгаалж хувийн ариун цэврийг сайтар сахина уу.
Хэвлэлийн хурлын үеэр Тээврийн цагдаагийн албанаас “Зуны дулаан цагт хүүхэд сүүдэрт тоглодог. Тиймээс жолоочид автомашинтай хөдөлгөөнд оролцохдоо эргэн тойрноо сайтар ажиглах хэрэгтэй.
Ой дөрвөн сартайгаас 13 хүртэлх насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Он гарснаас хойш 13 хүүхэд зам тээврийн осолд орсноос долоон хүүхдийг хөдөлгөөнд оролцож эхлэхдээ мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөн нийт эцэг эхчүүд хүүхдээ машиндаа цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Халдварын тархалт өндөр байгаа цаг үед хүн бүр тусгаарлалтын дэглэмийг сайтар баримтлах ёстой гэв.