"70 мянган төгрөгийн эмийн багцад заавал Арбидол эм орохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

COVID-19

"70 мянган төгрөгийн эмийн багцад заавал Арбидол эм орохгүй"

Covid-19 халдварын нөхцөл байдал, өвчлөлд өртөх эрсдэлтэй бүлэг, эмнэлгийн ор дэлгэлтийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр /2021.06.24/ 14.00 цагаас мэдээлэл хийлээ.

Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, June 23, 2021

Тэрбээр "Сүргийн дархлааг нийт хүн амаар нь тооцох ёстой. Өнөөдөр 0-17 насны 1.1 сая хүүхэд байна. Ямар нэгэн шалтгаанаар вакцин тариулаагүй хүний тоо 151 мянга байна. Вакцин 75 хувийн хамгаалалттай байгаа. Өөрөөр хэлбэл, нийт вакцин тариулсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын гурвыг нь хамгаалж  байна. Харин дөрвөн хүний нэг буюу 381.305 хүн халдварт өртөх эрсдэлтэй байна. Мөн вакцин тариулаад 14 хоног хүрээгүй 171 мянган хүн байна. Тэгэхээр зуун хүн тутмын 56  нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Өнгөрөгч хоёрдугаар сард тогтоосон хөл хорио нэлээд үр дүнтэй болсон. Сүүлд тавдугаар сарын 22-нд хөл хорио тавихад хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдэж, халдварын тархалт нэмэгдэх гол хүчин зүйл болсон. Хөл хорионы дараа хүн амын хөдөлгөөн ихэсдэг юм байна. Хоёрдугаарт, иргэдийн дунд "Вакцинд хамрагдсан учраас өвдөхгүй, халдвар авахгүй" гэдэг хандлагаас өвчлөл нэмэгдсэн.

Монгол Улс хүн амынхаа 18-аас дээш насны хүмүүсээ дархлаажуулалтад хамруулахад сүргийн дархлаа 57 хувьд хүрч байна. Гэтэл 60 хувиас дээш байж сүргийн дархлаа тогтох ёстой байдаг. Ирэх Даваа гаригаас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинжуулснаар хүн амын сүргийн дархлаа 67 хувьд хүрнэ.

Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл өсч, нийт 2014 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, 0-4 насны 4537 хүүхэд, 5-9 насны 6466, 10-14 насны 6045, 15-18 насны 2967 хүүхэд байна. Халдвартай иргэдийн 20 хувийг хүүхэд эзэлж байна. Мөн жирэмсэн эхчүүдийн дунд халдвар тархаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж буй. Одоогоор 667 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний үеэр өдөртөө 50-60 мянган шинжилгээг хийсэн. Шинжилгээнд эзлэх эерэг хувь нь 1000 шинжилгээн дотор 5-6 илэрдэг байсан. Тэр үед багцын шинжилгээг хийдэг байсан. Одоо 100 шинжилгээ тутмын 21 нь эерэг хариутай гарч байна. Тэгэхээр эерэг хувийн тоо ихсэх тусам лабораторийн ачаалал нэмэгддэг. Бүх шинжилгээг нэг бүрчлэн уншуулж байгаа. Багцаар шинжлэх боломжгүй болсон гэсэн үг. Өмнө нь сайн дурын шинжилгээний эзлэх хувь их байсан учраас үргүй зардал гаргаж байсан. Одоо ойрын хавьтлын шинжилгээг түлхүү хийж байна. Халдвар хүндрэхээс сэргийлж байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдээд буй. Хавьтлуудын 73 хувь нь гэр бүлээсээ халдвар авч байгаа бол таван хувь нь төрөл саднаасаа, гурван хувь нь албан байгууллагаас халдвар авч байна.

Цаашид нэмэлтээр 2000 гаруй ор, үүний дотор 100 эрчимт эмчилгээний ор гаргах бэлтгэл хангаж байна.

Бид 2000 орыг бэлтгэж болно. Үүнд ажиллах 6180 хүний хүн хүч хэрэгтэй байна. Одоо нөөцөд үлдсэн эмч, ажилчид гэж байхгүй. Одоо ажилчдаа сэлгэж ажиллах л хувилбар байгаа. Сайн дурын 300 гаруй эмч өмнө нь бүртгүүлж байсан бол хоёр хоногийн өмнө утсаар ярихад 78 хүн л улаан бүсэд ажиллахыг зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар зургадугаар сарын 10-наас хойш хүнд, маш хүнд хүмүүс дээр ажиллах мэргэжилтний хомсдолд ороод байна. Халдвар долдугаар сарын эхээр оргил үедээ хүрнэ. Энэ байдлаараа цаашид эмнэлэгт хүнд, маш хүнд хүмүүсээ л хүлээж авах болно. Одоогийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 86 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Тиймээс үлдсэн 14 хувийг нь эмнэлэгт хүлээн авах боломжтой болно. Бүх эмнэлгүүдээ долдугаар сарын 1 гэхэд хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна.  Шинээр 16 хүчилтөрөгчийн үйлдвэрийг орон нутагт байгуулж байна. Нийт 27 мянган ороос 385 нь эрчимт эмчилгээний ор. Анх цар тахалд зориулсан 12 эрчимт эмчилгээний ор бэлдэж байсан бол 274 хүртэл нэмсэн. Эдгээрийг нэмээд нийт 600 гаруй эрчимт эмчилгээний ор бий. Бидэнд 1087 амьсгалын аппарат байгаа. Амьсгалын аппарат байгаа ч энийг ажиллуулах хүний нөөц дутмаг байна.

Халдвартай иргэдэд даатгалаас олгох 70 мянган төгрөгийн эмийн багцад заавал Арбидол эм орох ёсгүй. Энэ мөнгөнд өрхийн эрүүл мэндийн цалин хөлс, хувцас хэрэгсэл бас шингэж байгаа. Тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өөрөө эмчлэх эмээ бичиж өгнө. Иргэд бэлэн 70 мянган төгрөг гар дээрээ авахгүй.  

Халдвар авч, нас барсан хүмүүсийн насны хувьд 65-аас дээш насныхан 60 хувийг эзэлж байна. Настай хүмүүс хүндрэх магадлал өндөр байна.  Улаанбаатар хотод нийт нас баралтын 94 хувь нь бүртгэгдэж байгаа.  Насны хувьд 50-аас дээш насныхан 87 хувийг эзэлж байгаа.  Зүрх судасны эмгэгтэй хүн маш богино хугацаанд хүндэрч, нийт нас баралтын 65.8 хувийг эзэлж байна. Дархлаажуулалтад хамрагдаад 14 хоногоос дээш хоносон хүмүүс нийт нас баралтын 6.7 хувь, вакцинд хамрагдаагүй хүмүүс 61.8 хувь, вакцин хийлгэсэн хүмүүс нийт нас баралтын 38.1 хувийг эзэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж