Евро – 2020 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2021.06.23/ явагдаж өндөрлөлөө. Хэсгийн шатны тоглолтыг F буюу “үхлийн” хэсгийн багууд дуусгасан бөгөөд дөрвөн баг бүгд хэсгээс гарах боломжтойгоор өрсөлдөж, эцсийн мөчид хэсгээс гарах багууд тодорхой болсон байна. Түүнээс өмнө 00:00 цагаас Испани Словак, Польш Шведийн багууд тоглож хэсгээс гарах багуудын нэрс нэлээд адармаатай байдлаар тодров.
Хэсгээс шалгарах нь тодорхой болоод байсан Шведүүд нэг тэнцээ, нэг хожигдолтой байсан Польштой тоглож 3-2-ийн харьцаатайгаар ялалт байгуулж хэсгээ тэргүүллээ. Тоглолтын эхний хоёр гоолыг Швед оруулсан бөгөөд тоглолтын эхэнд Эмил Форсбергийн хоёр гоолоор тэргүүлэх болсон.
Гэвч Польшийн супер од Роберт Левандовски хоёр гоол дараалж оруулснаар тоглолтын тоог тэнцүүлсэн. Хэрвээ польшууд үүнээс хойш дахин нэг гоол оруулсан бол хэсгийн гуравдугаар байраар шалгарах болзлыг хангах байлаа. Гэсэн ч Шведийн талаас 90 дахь минутад Клаессон тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Польшийн хожих боломж үгүй болсон байна. Ийнхүү Левандовскигийн Польш тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүллээ.
Энэ тоглолттой зэрэгцээ Испанийн шигшээ баг дээр нь гурван оноотой бичигдэж байсан Словактай хожигдох эрхгүй тоглолтыг хийв. Хэрвээ испаничууд энэ тоглолтод ялагдал хүлээвэл тэмцээнийг шууд өндөрлүүлэх байлаа.
Тоглолтын эхнээс эрчимтэй довтолсон Испаничууд 12 дахь минутад торгуулийн цохилт авсан ч Моратагийн хүчтэй цохилтыг Словакийн хаалгач Дубравка няцаасан.
Гэвч тоглолтын 30 дахь минутад Дубравка байж боломжгүй алдаа гаргаж, өөрийн хаалгандаа гоолдсон. Пабло Сарабиагийн цохисон бөмбөг хөндлөвч оноод дээшээ хөөрөөд буцаж ирэх үед Дубравка өөрийн хаалганд бөмбөгийг хатгаж оруулсан байна.
Үүнээс хойш тоглолтын хэмнэл Испанийн талд бүрэн орсон бөгөөд нэмж дөрвөн гоол оруулснаар 5:0-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Словакууд эдгээр гоолууд дээр маш их алдааг хамгаалалтандаа гаргасан ба тэр боломжуудыг испаничууд амархан ашиглаж байсан юм. Ийнхүү Словак Испанид бут ниргүүлснээр -5 гоолын зөрүүтэй болж бусад гурван оноотой багуудаас үзүүлэлт дутсанаар хэсгээс гарах боломжгүй болсон байна.
Сүүлийн хэсгийн тоглолт Португал-Францын өрсөлдөөн олны анхаарлыг татаж байсан нь тодорхой. Хэсгээс гарах нь тодорхой болоод байсан Францын хувьд хэсгийн байрлалаа тодорхойлох тоглолт байсан. Харин Португалын зүгээс хожигдол гэдэг нөхцөл байдлыг хүндрүүлэх байв.
Ингээд өмнөх 2016 оны Еврогийн финалын тоглолт энэ Еврод дахин явагдаж 2:2-ийн харьцаатайгаар тэнцлээ. Португалын талаас Роналдо хоёр удаа торгуулийн цохилтоос гоол оруулсан бол Францаас Бэнзэма мөн л хоёр гоол оруулжээ. Ингэснээр Португалчууд хэсгийн гуравдугаар байраар шалгарч Бельгийн шигшээ багтай шөвгийн 16-д тоглохоор болж байна.
Португалыг 4:2-ийн харьцаатайгаар илүүрхсэн Германчуудыг Унгарыг амархан хожчих болов уу гэсэн таамаг тоглолтын өмнө их байлаа. Гэвч бодит байдал дээр Унгарчууд дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж ямар хүчтэй баг болохоо зарлав. Тэд зүгээр ч нэг Францтай тэнцээгүй гэдгээ харуулж тоглолтын турш Германыг тэргүүлж байлаа.
Эхний гоол 11 дэх минутад Адам Салайн мөргөлтөөр орсон. Энэхүү гоолын ачаар тэд тоглолтыг 66 дахь минут хүртэл тэргүүлсэн. 66 дахь минутад Германы Кай Хаверц мөргөж гоолдсоноор тоо тэнцсэн юм. Гэвч тус гоол орсны дараа шууд Унгарчууд төвөөс бөмбөг гаргаад эхний довтолгоогоороо хариуг барьснаар тэргүүллийг дахин гартаа авав. Тэд тоглолтыг бүрэн тэргүүлэхээр гарч ирсэн гэдгээ харуулж германчуудад ийнхүү 20 секундын тэргүүлэл өгсөн нь энэ байлаа.
Хэрвээ энэ байдлаараа тоглолт өндөрлөсөн бол Унгар дөрвөн оноотой болж хэсгээс шалгарах байсан бол германчууд тэмцээнийг өндөрлүүлэх байлаа. Гэвч Герман машинууд тоглолт дуусахаас зургаан минутын өмнө гоол оруулж Унгарын мөрөөдлийг булаан авав. Гоолыг Леон Горецка оруулснаар ийнхүү тоглолт 2:2-ийн харьцаатай өндөрлөжээ.
Унгарын хувьд хэсгийн дөрөвдүгээр байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн ч дэлхий, Европын аваргуудтай маш ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Хэрвээ зарим тоглолт нь арай өөр дүнгээр өндөрлөсөн бол тэд хэсгийн нөхцөл байдлыг яаж ч өөрчилж, ямар ч сенсацийг дэгдээхэд бэлэн байлаа. Өөр хэсэгт орсон бол хасагдах шатны томоохон өрсөлдөгч байх байсан гэдгээ Унгар нотлон харууллаа.
Харин Германы хувьд хэсгийн хоёрдугаар байраар шалгарч Английн шигшээ багтай тоглох болж байна.
Холбоотой мэдээ