Монголын үндэсний олимпийн хороо өчигдөр/2021.06.23/ Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан спорт, олимпизмийн их үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж, олимпийн музейгээ шинэчлэн нээсэн юм.
Энэхүү арга хэмжээний үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшигтэй уулзаж ярилцсан юм.
-Токио-2020 олимпийн наадам Японы ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж, сүүлийн өдрүүдэд улам эрчимжиж байна. Олон улсын олимпийн хороо энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон улсын олимпийн хороо бол Японы байр суурийг хүндэтгэж, яаж тухайн улсын ард иргэдэд аюул учруулахгүй байх вэ? гэдэг талаас нь харж тамирчдаа аль болох бүрэн вакцинжуулахыг хичээж байна. Ер нь бол Японд очсон гадны тамирчид, албаны хүмүүс буудлаасаа, тамирчдын хотхоноосоо гарах шаардлагагүй зөвхөн цэнгэлдэх хүрээлэн рүү л явах маршруттай байгаа. Дагалдаж явах хүмүүсийн тоог ч маш ихээр цөөлсөн. Олон улсын олимпийн хороо бол Токиогийн олипмоо хийх нь зөв, гэхдээ тухайн улсын ард иргэдэд Covid-19-ийн ачаалал бага өгөх ёстой байр суурьтай байгаа.
-2022 оны Бээжингийн өвлийн олимп мөн хүний эрхийн тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулсан. Сүүлд л гэхэд 2022 оны өвлийн олимпийг өөр газар зохион байгуулъя гэсэн уриалга гарсан харагдсан?
-Олимп бүр л эсэргүүцэлтэй тулдаг юм байна лээ. Аль ч улсад хийсэн бүх хүн баярлана гэж байхгүй. 2022 оны Бээжингийн олимпийн бэлтгэл тун сайн байгаа гэсэн. Covid-19-ийн халдварын нөхцөл байдал ч дээрдсэн. Токиогийн олимп болох гэж байгаа юм чинь өвлийн олимп ч гэсэн зохион байгуулагдах байх.
-Олон улсын олимпийн хорооны чуулган Токиогийн олимп өмнө зохион байгуулагдах уу?
-Долдугаар сарын 21, 22-нд чуулган зохион байгуулагдана. Тэрхүү чуулганаар 2032 оны зуны олимп зохион байгуулагдах хот дээр саналт хураалт авна. Санал хураах хот нь Австралийн Брисбен. Чуулган дуусаад долдугаар сарын 23-нд олимпийн нээлт болно.
-Токиогийн олимпоос Монголын тамирчид хичнээн медаль авна гэж та харж байна ?
-Олон медаль аваасай гэж хүсч байна. Японтой цагийн зөрүү ойрхон, нэг цагийн зөрүүтэй. Бразилд болсон олимпийн хувьд цагийн зөрүү их байсан. Цагийн зөрүүгүй Бээжингийн олимпоос манай тамирчид хоёр алтан медаль, хоёр мөнгөн медаль хүртэж байлаа шүү дээ. Азидаа болж байгаа гэдгээрээ би их л хүлээлттэй харж байгаа. Гэхдээ өмнө нь тамирчдадаа хэт их ачаа үүрүүлэх хэрэггүй байх.
-Монголын олимпийн баг тамирчдын эхний ээлж хэзээ Токиог зорих вэ?
-Долдугаар сарын 16-нд манай олимпийн хорооны албаны хүмүүс Токиог зорьж, баг тамирчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа хангана. Нислэгийн хувьд тамирчид долдугаар сарын 22-нд явах байх. Аль боломжтой нислэгүүдээр нь л явна.
-Монголын багийн тугчнаар эмэгтэй хүн томилогдох уу? Олон улсын олимпийн хорооноос энэ жил эмэгтэйчүүдийн оролцоо, эрхийг нь хүндэтгэнэ гэсэн уриалга гаргасан байна лээ.
-Хоёр жилийн өмнө би багийн ахлагчаар явж байхдаа эмэгтэй хүн туг барих нь зөв байх гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харин энэ жил олон улсын олимпийн хорооноос заавал нэг тугчин байх шаардлагагүй, нэг эрэгтэй, нэг эмэгтэй тугчин байж болно гэсэн чиглэл ирсэн. Энэ чиглэлийг нь дагъя гэж бодлоо. Одоогоор яг хэн тугчнаар явах вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Зарим спортын тамирчид түрүүлж очно, зарим нь араас ирнэ. Ямар ч байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй тугчин байна гэдгийг би бүрэн дэмжиж байгаа. Мөн багийн ахлагчийн орлогч гэдэг албан тушаал дээр удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүн Т.Амаржаргалыг дэмжсэн.
-Та өөрөө багийнхаа ахлагчаар явах уу?
-Тэгнэ. Би Монголын багийн албан ёсны ахлагчаар явна. Намайг ОУОХ-ны чуулганд оролцож байх үеэр Т.Амаржаргал эгч маань ахлагчийн орлогч гэдгээрээ явна. ОУОХ-ноос гаргасан жендерийн эрх тэгш байдлын уриалгыг дэмжиж байна.
-Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит хурал Токиогийн олимпийн дараа хуралдана. Энэ хурлаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Та ерөнхийлөгчид нэр дэвших үү?
-Наймдугаар сард ээлжит хурал болоод үүнээс гурван сарын дараа буюу 11-р сард ерөнхийлөгчийн сонгууль болно. Ганцхан ерөнхийлөгчийн сонгууль бус тэргүүлэгчид, тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогоор бол Токиогийн олимпоо л харъя. Дөрвөн жилийн хугацаанд олимпийн хороо маань хэрхэн ажилласан байна вэ гэдэг дүнгээ тавиулчихаад өөрийнхөө талаар бодох хэрэгтэй шүү дээ.