Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг энэ сарын 3-ны өдөр анх удаа газраар тээвэрлэсэн билээ. Тэрхүү угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод очсон байна.
Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцжээ.
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.
Итали улс руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын "Хаан ширхэгт" тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос, ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг.
“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.