"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнээр олны анхаарлыг татаад буй Германы шигшээ багийн тоглогч Робин Госенсийн онцолж байна. Өвөөгийнхөө адилаар цагдаа болохыг хүссэн ч аавынхаа ятгалгаар хөлбөмбөгчин болсон түүний замнал дардан биш. Өөрийнхөө шүтээн Роналдод үл тоогдсон ч эцэст нь тэрбээр шанг хүртээж чадсан юм.
Аавын хүслийг гүйцээсэн нь
Герман ээж, нидерланд аавтай Робин Госенс Эммерих-ам-Райн хэмээх Германы жижигхэн хотод төрж, өсчээ. Эцэг, эх нь спортод элэгтэй байсан учир тэрбээр багаасаа л хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн гэнэ. Гэвч зургаан нас хүртлээ үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад бөмбөгтэй харьцах чадвар нь сул, ерөнхийдөө хөлбөмбөгт авьяасгүй гэмээр хүүхэд байжээ. Харин хөлбөмбөгийн дасгалжуулагч аавынхаа хичээл зүтгэл, шахалтаар бага багаар сайжирч, эцэстээ Фортуна Элтен хэмээх аавынхаа тоглож байсан багт шалгуулж, хүүхдийн академид нь элсэв.
Бага насныхаа талаар Госенс ярихдаа “Би үеийнхнийгээ бодвол хожуу хөлбөмбөг тоглож эхэлсэн. Зургаан нас хүртлээ бөмбөг талаар ямар ч ойлголтгүй, бүрэг хүүхэд байсан. Үргэлж юмны гадна үлддэг, бөмбөгтэй холбоотой спортоос зайлсхийдэг байв. Харин аав минь хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан болохоор надад зааж, сургаж хөлбөмбөг тоглох сонирхлыг минь өдөөсөн. Өсөх тусмаа л хөлбөмбөгт улам дурлаж эхэлсэн. Аавыгаа дагаж, Фортуна Элтений хүүхдийн академид очсон өдрөөсөө л энэ спортод эргэлт буцалтгүй орсон” тухайгаа хуучилжээ.
Хөлнөөсөө болж цагдаа болж чадаагүй
Хэдийгээр шаггүй хөлбөмбөгчин байсан ч Госенс өвөөгийнхөө адилаар цагдаа болох нууцхан мөрөөдөлтэй байжээ. Тэрбээр хойд Рейн-Вестфалигийн цагдаагийн газар ажилд орох анкет өгсөн ч хөлнөөсөө болж тэнцээгүй гэнэ. Учир нь түүний нэг хөл нөгөөгөөсөө 0.5 мм богино аж. Энэ талаар түүний аав Холгер Госенс ярихдаа “Хүү маань Райланд-Пфальц хотын цагдаагийн оффицер болох дөхсөн. Тэр өмнө нь Рейн-Вестфали хотын цагдаагийн шалгалтад хөлнөөсөө болж тэнцээгүй. Харин Райлан-Пфальц хотод эхний шалгалтаа давсан юм шүү. Би түүнд ‘Дараа жил чи цагдаа болж болно. Гэхдээ хөлбөмбөгийн талаар бодоод үзээрэй. Хожим нь би байдгаараа хичээгээгүй хөлбөмбөгөө орхисон гээд харамсаад зогсч байв’ гэж хэлсэн” хэмээжээ.
Госенс 17 насандаа хөлбөмбөг тоглохын хажуугаар шатахуун түгээгүүрийн газар ажилладаг байв.
Аавынхаа ятгалгаар Госенс 2012 онд 18 насандаа Нидерландын Витессе багийн залуучуудын багт тэнцэж чадав. Удалгүй 2013 оны наймдугаар сард мэргэжлийн хөлбөмбөгчний анхны гэрээгээ үзэглэж, аавынхаа хүслийг гүйцээжээ.
Витессе багийн залуучуудын багт тоглодог байхдаа Госенс Боруссиа Дортмундын сонгон шалгаруултанд орсон ч бүтэлгүйтсэн аж.
Эцэст нь мэргэжлийн хөлбөмбөгчин болов
Мэргэжлийн хөлбөмбөгчин гэх сайхан нэртэй ч үнэн хэрэгтээ Робин Госенс бүтэн хоёр жил албан ёсны тоглолтод талбайд гарч үзээгүй байсан гэнэ. Баг нь ч түүнийг 2014 оны нэгдүгээр сард Нидерландын доод лигийн Дордрехт баг руу зээлээр явуулжээ. Энэ багт тэр мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтдоо оролцож, эцэст нь мэргэжлийн хөлбөмбөгчин гэж бардам хэлэхээр болов. Дордрехт багт хоёр улирал зээлээр тоглохдоо Госенс нийт 47 тоглолтод оролцож, гурван гоол оруулжээ.
Эргэн Витессе багтаа ирэхэд түүний гэрээ дуусч, чөлөөт агент болов. Азаар, 2015 оны зургадугаар сард түүнтэй Нидерландын дээд лигийн Хераклес Алмело баг гэрээ байгуулж, ямар ч байсан Госенсын мэргэжлийн хөлбөмбөг дэх аялал цааш үргэлжлэх болжээ.
Роналдо түүнийг үл тоов
2017 онд Италийн Аталанта баг Нидерландын Хераклес Алмело багаас Робин Госенс хэмээх Герман хамгаалагчийг өөрсдийн эгнээнд элсүүлж буйгаа зарлав. Итали дахь эхний жилүүддээ хэний ч анхаарлыг татаагүй Герман залуу 2019 оноос олонд танигдаж эхэлжээ. Ялангуяа Роналдо түүнийг од болгосон.
Аталанта болон Ювентус багуудын тоглолт 1-0 гэсэн харьцаатай өндөрлөж, Роналдогийн баг хожигджээ. Тоглолт дууссаны дараа Робин Госенс хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тамирчнаас өмсгөлөө өгөхийг гуйсан ч Роналдо түүнийг үл тоож, бүр тоож хараагүй гэнэ.
Тэрбээр энэ талаараа “Ювентусын эсрэг тоглосны дараа би Роналдогийн өмсгөлийг авч мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн. Тоглолтын эцсийн шүгэл ч дуугарч, би түүн дээр очоод өмсгөлийг нь гуйхад тэр зөвшөөрөөгүй. Би түүнээс ‘Кристиано, би таны өмсгөлийг авч болох уу?’ гээд асуусан. Тэр бүр над руу ч харалгүй, ‘Үгүй’ гэсэн. Би тэр үед өөрөөсөө их ичсэн. Мөн ямар жижиг гэдгээ мэдэрсэн. Хүн тийм ичгэвтэр байдалд орсон үедээ өөр хүн битгий харсан байгаасай л гэж хүсдэг юм байна лээ” гэжээ.
Гэвч түүний бичлэг цахим орчинд тарж, Госенс олонд танигджээ. Багийнх нь нөхдүүд хүртэл түүнд хулхи Роналдогийн өмсгөл өгч, шоглоод амжсан.
Нидерланд бус Германыг сонгов
Тэрбээр хоёр улсын паспорт эзэмшдэг. Гэхдээ түүнд нэгийнх нь л төлөө тоглох боломж байсан. Госенс боломжоо ч ашиглаж, Германы шигшээ багийг сонгов. 2020 оны наймдугаар сард Германы шигшээ багт тэр хэрэг болж, анх удаа эх орноо төлөөлөн тоглох боломж олджээ. Испанийн шигшээ багийн эсрэг Германы төлөөх анхны тоглолтоо хийх өдрөө тэрбээр мөн их сургуулийн шалгалтаа өгсөн аж. Госенс өдгөө спортын сэтгэл зүйгээр давхар сурдаг бөгөөд магистрын зэрэгтэй болох зорилготой.
Роналдод хариуг нь барив
Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Йоахим Лёв Евро-2020 тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарлахад Робин Госенсыг дуудагджээ. Германчууд тэмцээний үхлийн гэгдэх "F" хэсэгт Роналдогийн Португал, Мбаппегийн Францтай хамт багтав. Энд л Госенс Роналдогоос өшөөгөө авах, түүнд хариуг нь барих боломж бүрдсэн хэрэг. Хоёрдугаар тойрогт Герман-Португал гэсэн тоглолт явагдаж, Госенс Португалын эсрэг итгэмээргүй тоглолт үзүүлж, нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгчээ. Тоглолтын дараа тэрбээр “Би Роналдогоос өмсгөлийг нь гуйгаагүй. Учир нь би өнөө оройн ялагч, үүнийгээ ч мэдэрмээр байна” гэжээ.
Холбоотой мэдээ