Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн халаас нимгэрсээр. Хүнсний дэлгүүрийн орлого буурч, өрийн дэвтэр зузаарчээ. Өдөр тутмын хэрэглээ болох талх, сүүнээс гадна граммын мах авдаг байсан иргэд одоо жижиглэн сураглах нь ихэссэн байна. Хотын төвтэй хаяа залган орших “Дэнжийн мянга”-д захын нэгэн дэлгүүрээр ороход л ийм дүр зураг угтав. Сүлжилдсэн олон гудамжны үзүүрт байрлах зургаан нэрийн дэлгүүрт хэсэг саатахад  хүмүүсийн хэрэглээг харж болохоор. Дийлэнх нь талх, элэгний нухаш, зайрмаг, бас сүү авна. Зарим нь граммын мах, жижиглэн ч асууна.

Хүүхдээ дагуулж яваа залуухан эмэгтэй дэлгүүрээс хоёр литрийн савтай сүү, атар талх, бас зайрмаг авахад дунджаар 10 мянган төгрөг болж байв. Мөн элэгний нухаш хамгийн гүйлгээтэй барааны нэг бололтой. Хүний өдөр тутмын хэрэглээ талх, сүү боловч сүүгээ ч авч хүчрэхгүй болсон иргэд олон гэдгийг худалдагч Н.Тунгалаг хэлж байв.

Тэрбээр “Барааны үнэ маш их нэмэгдсэн. Манай эндэхийн хүмүүс бүгд боломжийн амьдралтай биш. Дийлэнх нь амьдрал тааруу. Тиймээс аль болох хямдхан үнэ хэлэхийг боддог. Гэвч сүүлийн үед хүмүүсийн худалдан авалт буурч, зээл ихэссэн.

Сар ч хүрэхгүй хугацаанд өрийн дэвтэр зузаарч байна. Граммын махнаас илүү жижиглэн сурагласан хүмүүс олон шүү дээ. Төмс, лууванг килограммаар нь авахгүй, 2-3  ширхгээр л авдаг болохоор лангуун дээр муудах нь их.  

Талх, сүү өдөр тутмын хэрэглээ ч зарагдахаа больсон. Сүү авч байгаа хүмүүс ховор. Талх бол хонож, хатаж хорчийх нь их шүү дээ” гэлээ. Түүний хувьд дэлгүүрээс зээл авсан хүмүүс өрөө төлж чадахгүйд хүрвэл алга болох нь их. Зээлээ хугацаанд нь төлдөг хүмүүс ч ховор гэнэ. Үүнээс болоод эргэлтийн хөрөнгөө таньдаг найз нөхдөөсөө зээлэх нь ердийн л үзэгдэл аж.

Харин орон сууцны хороолол дунд байрлах жижиг “мини маркет”, хүнсний дэлгүүрүүдэд өрийн дэвтэр барагтай л байхгүй. Гэхдээ хүнс, барааны үнэ хэт нэмэгдсэн болохыг олон хүн баримтаа хараад л анзаардаг болов уу. “Хангай” хотхоны дунд байрлах нэгэн мини маркетаас ойр зуурынхаа хүнсийг авч буй иргэн Б.Золбаяр “Дэлгүүрээс авч байгаа барааныхаа ширхгийн үнийг мэдэхгүй. Талх ямар үнэтэй байдгийг ч анзаардаггүй шүү дээ. Талх, өндөг, хиам,  ундаа, ариун цэврийн цаас  зэрэг ойр зуурын хүнс, ахуйн зүйлсээ авахад л хамгийн багадаа 20 мянган төгрөг болдог” гэсэн юм. Харин худалдагч барааны үнэ өссөнийг бөөний үнэ нэмэгдсэнтэй холбож бас өрийн дэвтэр байхгүйг хэлж байв.

Дэлгүүрүүдийн тухайд байршлаас хамаарахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд л адилхан үнэтэй. Харин өрийн дэвтрээрээ л ялгаатай аж. Статистик мэдээллээр, хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх оныхоос 50 хувиар өсчээ.

                  МАХНЫ ҮНЭ 19 МЯНГАД ХҮРЧ ИРГЭД ГРАММЛАЖ АВАХ БОЛЖЭЭ

Өдөр тутмын хүнсний бараанаас гадна монголчуудын голлох хүнс махны үнэ өссөөр тансаг хэрэглээ болжээ. Хүмүүс хөлхөлдсөн “Хүчит шонхор” зах өдрийн цагаар сэлүүхэн. Үхрийн махны үнэ буурсныг худалдагчид хэлж байгаа ч 19 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Үхрийн махны тасгаар орвол килограмм нь ястай мах 12000, цул мах 14000 төгрөг.

Лангуу тус бүр адилгүй үнэтэй бөгөөд дунджаар 16000 төгрөг бол хамгийн үнэтэй нь 19 мянган төгрөгт хүрчээ. Сайн чанарын шинэ махыг худалдагчид ийнхүү өндөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, махны чанараас хамаарч үнэ нь адилгүй болохыг худалдагчид хэлж байгаа юм. Бас махны үнэ өсөхөд орон нутагт аймаг, сумд орох гарах хөдөлгөөнөө хязгаарласантай холбоотойгоор махны нийлүүлэлт тасарч, олдоц багатай болсон байна. Энэ нь махны үнэ нэмэгдэх шалтгааны нэг болжээ. 

Дараа нь хонины махны тасгаар орвол килограмм нь 9500-12000 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн хувьд хамгийн ихдээ таван килограмм, түүнээс бага граммлаж авах болсныг худалдаачид хэлж байв. Тэд “Худалдан авалт буурч, дагаад орлого багассан. Өмнөх шигээ хүмүүс махыг тор тороор нь авахаа больж, одоо дунджаар нэг кг мах авах нь олон байна. Зарим тохиолдолд 4000 төгрөгт багтаан махаа граммлаж авдаг хүмүүс ч бий. Мөнгөний боломжгүй хүмүүст граммлахаас өөр аргагүй” гэдгийг хэлж байсан юм.  Харин иргэдийн зүгээс “Махаа ч идэж чадахаа болилоо.Үнэ буураагүй байна. Хэрэглээний мөнгөө маханд зарцуулаад халаасанд мөнгө үлддэггүй” гэдгийг санал нэг хэлж байв.

Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралд махны үнэ томхон дарамт болжээ. Зарим нь махны үнийг дийлэхээ больж жижиглэн дайвар бүтээгдэхүүн худалдан авч бас нэг хэсэг нь арга буюу махнаас гарч “цагаан хоолтон” болж байгаагаа ч нуулгүй хэлж байсан билээ.

Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт махны үнэ буурсан бол энэ сарын 23-ны өдрийн байдлаар махны үнэ өсчээ. Тодруулбал, үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос 200-565 төгрөг буюу 3.9 хувир нэмэгджээ.Үхрийн цул махны үнэ килограмм нь 13000-16000 мянган төгрөг. Ястай мах килограмм нь 12000-15000 төгрөгийн үнэд хүрчээ. Мөн хонины мах 11000-14000 төгрөгийн үнэд хүрсэн байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд санхүүгийн хувьд дарамт болж худалдан авах чадварыг дордуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж