Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Монголд Covid-19 халдвараар өвдсөн хүний тоо 100 мянга давлаа. Халдвар нас, хүйс харгалзахгүйгээр тархаж, олон хүний амийг авч одсоор байна. Тэр дундаа жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд өвчилж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ. Учир нь тэд вакцинд огт хамрагдаагүй. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд халдвар авбал хөнгөн өвдөж, эдгэрэх боломжтой. Харин жирэмсэн эх, бага насны хүүхэд өвчилсөн тохиолдолд амархан хүндэрч, амь насаа алдах хүртэл эрсдэл дагуулж байна гэдгийг сануулж буй.

Тиймээс Монгол Улс зургадугаар сарын 14-нөөс жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Тэгвэл ирэх Даваа гаригаас 12-15 хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах гэнэ. Ингэснээр огт дархлаажуулалтад хамрагдаагүй 290 мянган хүүхэд буюу хүн амын 10 хувьд дархлаа тогтох аж.

Cтатистик дурдъя. Өдөрт бүртгэгдэх халдварын 20-30 хувийг хүүхдүүд эзэлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Салбарын сайд нь “Нийт халдварын 24 хувь нь хүүхдүүд. 18-60 насныхан нийт тохиолдлын 68 хувийг эзэлж байна” гэж мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар 16-17 насны 13733 хүүхэд 1146 жирэмсэн эх Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагджээ. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр хүүхдүүдийг вакцинд хамруулж байгаа ч идэвх сайн байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, Канад улсын эрүүл мэндийн яам, Сингапур улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны агентлаг, Европын холбооны эмийн агентлаг, Япон улсын засгийн газар 12-15 насны өсвөр насны хүүхдүүдэд “Файзер” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгоод байна.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайханы хувьд хүүхдийн вакцинжуулалтын талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна. Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их халдвар авч байна.

Энэ намар хичээл эхэлнэ. Монгол Улс 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь "Файзер” вакцин гэдгийг хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс одоог хүртэл ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс “Вироцел”, “АстраЗеника”, “Файзер” вакцины алийг нь ч тариулах боломжтой гэв. Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байгаа аж.

Хүмүүс саяхан л вакцин голж, шилж "цамаан" загнаж байсан.  Одоо аль ч вакциныг хийлгэх сонголттой болсон ч вакцинд хамрагдахгүй хойрго хандаж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс энэ эрсдэлтэй цаг үед өөрийгөө  болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдахыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж