Төгрөгийн ханш эрс унаж, инфляц жолоодлогогүй болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш эрс унаж, инфляц жолоодлогогүй болох уу?

Төгрөгийн ханш эрс унаж, инфляц жолоодлогогүй болох уу?

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд Төв банк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах бодлого барьж буй. Инфляцыг нам түвшинд тогтворжуулснаар иргэдийн бодит орлого, хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэнэ. Мөн урт хугацаанд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих юм.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцыг 2021-2023 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж буй.

Covid-19 цар тахал дотоодод тархсан нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, 2021 оны эхний хагаст уул уурхайн бус салбарын идэвхжил төдийлөн нэмэгдсэнгүй. Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь өнгөрсөн нэгдүгээр улирлын уул уурхайн бус салбарын өсөлтийг сааруулав. Түүнчлэн Covid-19 цар тахлыг бүрэн хяналтад оруулах хугацаа удааширч, тархах хүрээ нь тэлж байгаа тул уул уурхайн бус салбар хэвийн түвшинд хүрч сэргэхээргүй байгааг шинжээчид хэлж байна.

Уул уурхайн салбарын хувьд хилийн бүс нутгуудад халдвар тархахгүй, экспорт хэвийн явагдах тохиолдолд тус салбар 2021 онд өндөр өсөлттэй байх төсөөлөл бий. Эдийн засгийн цаашдын төлөв хэрхэн өөрчлөгдөх нь дотоодод тархсан Covid-19-ийг хяналтад оруулах хугацаанаас голлон хамаарч байна.

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд мөнгөний бодлогын одоогийн төлөв инфляцын зорилттой нийцтэй байгааг мэдээлэв. Цаашид ч эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, экспортын үнэ оны эхнээс өндөр түвшинд хадгалагдаж байна. Ийнхүү гадаад орчин сайжирч, эдийн засгийн ихэнх салбар сэргэлтийн төлөвт шилжсэнээр эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарлаа.

Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээний нөлөө, гадаад орчны сэргэлтийг тусган, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүллээ. Гэхдээ Covid-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.

Төв банкнаас Covid-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлсэн санхүүжилтийн хэрэгслүүд, санхүүгийн хөнгөлөлтийн зохицуулалтууд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна” гэв.

Гэвч зарим эдийн засагч, шинжээчид төгрөгийн ханш огцом унаж, инфляц жолоодлогогүй болох вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, өнгөрсөн жилээс их хэмжээний төгрөг хэвлэсэн. Түүний уршгаар төгрөгийн ханш 90-ээд оны түвшин хүрч унана гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Мөн өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ үед бензиний үнэ нэмэгдвэл санаснаас илүү сөрөг үр дагавар авчрах магадлалтайг анхааруулж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляцын дарамт бийг хэлээд, “Гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Иймд ханшийн дарамт ирэхгүй. Төгрөгийн үнэ тогтвортой байна” гэж дээрх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар Төв банкны үнэт цаасны нийт хэмжээ 10.2 их наяд төгрөг болж, өссөөр буй юм. Төв банкны үнэт цаасанд 6 хувийн буюу бодлогын хүүгээр мөнгөө байршуулж байгаа нь зөв эсэх тухайд хэлэхдээ тэрбээр “Банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хаана байрлуулахаа өөрсдөө шийддэг. Төв банк зээл олголтыг нэмэх бодлого барина” гэв.

Жилийн инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувьтай гарав. Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж буй бол иргэдэд олгосон бэлэн мөнгө, махны үнийн өсөлт ч нөлөөлжээ. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСАН ИРГЭД ИРЭХ САРААС ЭХЛЭН САР БҮРИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ГРАФИКИЙН ДАГУУ ХИЙНЭ

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл авсан иргэд ирэх сараас эхлэн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийхийг мэдэгдэв. Ипотекийн зээл авсан иргэдийн сар бүрийн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сараас хойш царцаасан билээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327 тэрбум төгрөгийн зээлийг 4426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн юм.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд, өнгөрсөн дөрвөн жилд сард дунджаар 32 тэрбум төгрөгийн зээл олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт. Түүнчлэн энэ сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байгаа аж.

Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж буй. Хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжлэх нь. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 5 их наяд төгрөгт хүрчээ.

Өнгөрсөн онд зээл олголт 4-5 хувиар агшсан бол эргээд сэргэсэн байна. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, 4 нэгжээр буурчээ. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ихээхэн өссөн байна. Гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байгаа аж. Энэ онд улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт буй юм.

Арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжээд гурван сар өнгөрсөн. Энэ хүрээнд нийт 1.4 их наяд төгрөгийг Гурван хувийн хүүтэй зээлд олгосон байна. Зээлийг тодорхой зорилтот бүлэгт олгож буйг Төв банкны удирдлага онцолсон. Банкууд өөрийн шалгуураар зээл олгож буй бөгөөд нийт 6 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн ч бүгдэд нь зээл олгох боломжгүйг хэллээ.

Moody`s, Fitch зэрэг олон улсын байгууллагууд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг өндрөөр үнэлжээ. Энэ хөтөлбөрийн зээлийг хасвал зээлийн дундаж хүү 14 хувь, зээлийн хүсэлт салбар бүрд харилцан адилгүй байна.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлc: Цэвэр экспорт буюу нүүрсний экспорт оны төгсгөлд 29 сая тоннд хүрнэ. Зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос өссөн. Санхүүгийн салбарын өсөлт 14-15 хувь байна. Уул уурхай, түүнийг дагасан салбаруудад илүү их өсөлт гарна. Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрэх тооцоог Төв банк хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж