ДОН ЖИНВЕЙ ХААНА БАЙГАА ВЭ?
БНХАУ-ын сөрөг тагнуулын албаны чадварлаг удирдах албан тушаалтнуудын нэг Дон Жинвей өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д дүрвэсэн талаар сураг дуулдсан нь сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Цаашлаад олон эх сурвалж энэ талаар шинэ мэдээллүүдийг дэлгэж байгаа нь бүр ч ихээр сонирхол татах аж.
Ялангуяа коммунизмын эсрэг, Трампын талын үзэлтнүүдийн дунд Дон дүрвэхдээ цар тахлын вирус амьтнаас хүнд халдварлаагүй, Ухань хотын лабораторид бүтээгдэж, алдагдсан нотлох баримтыг авч явсан гэх мэтээр ярьж байгаа гэнэ.
Хэдийгээр вирус анх Ухань хотын лабораториос алдагдсан гэх таамаг олон хүний ярианы сэдэв болж байгаа ч олонх судлаачид цар тахал хүнсний захад халдвартай амьтнаас хүнд дамжсан гэдэгт итгэлтэй байгаа юм. Гэхдээ вирус захад анх амьтнаас хүнд халдсан гэх таамаглалыг нотлох баримт олдоогүй байгаа билээ. Тиймээс Тайванийн ардчиллыг дэмжигчид, Дональд Трампын холбоотнууд цар тахлаар олон хүн нас барсны бурууг Хятадын нууцлаг байдалд тохох болжээ.
Тэгтэл өдгөө АНУ-ын холбооны мөрдөх товчооны дэд захиралтай дүйцэхүйц буюу Хятадын үндэсний аюулгүй яамны хоёрдугаар том албан тушаалтан 57 настай Дон Жинвей таван сарын өмнө охин Дон Янтайгаа хамт Хонгконгоос ниссэн тухай яриа олон улсад, ялангуяа Бээжинд шуугиан тарьж байна. Энэ талаарх яриа Хятадад албан ёсоор хориглогдсон Spytalks агентлаг энэ сарын 17-ны анх нийтлэснээс хойш газар авчээ. Тус нийтлэлд Хонгконгийн SCMP агентлагаас эш татан “Дон Хятадад болсон үндэсний аюулгүй байдлын яамны семинарт оролцохдоо Бээжингийн тагнуулын ажилтнуудыг гадаадын тагнуулуудтай хатуу тэмцэхийг уриалав” хэмээсэн ч семинар болсон газрыг дурдаагүй, Дон семинарт оролцсон эсэхийг батлах зураг, дүрс бичлэг байхгүй байгаа нь эргэлзээ төрүүлсэн байна.
АНУ ДОН ЖИНВЕЙГ НУУЦААР ОРОГНУУЛЖ БАЙНА УУ?
Тагнуулын өндөр албан тушаалтан нь дүрвэсэн гэх мэдээллийг Бээжин эрс зэвүүцэн үгүйсгэж байна. Энэ талаар 1989 оны Тянь Ань Миний талбайн хядлагын дараа Бээжингээс дүрвэсэн Хятадын гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан, доктор Хан Лианчао “Хятадын Коммунист нам үндэсний аюулгүй байдлын яамны албан тушаалтан дүрвэсэн явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Жишээлбэл 1985 онд үндэсний аюулгүй байдлын яамны өндөр албан тушаалтан асан Юү Чийншен Хятадаас дүрвэсэн. Гэвч Коммунист нам одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Юү АНУ-д дүрвэснээр Вашингтон олон жил тагнуулын албанд нь шургалж байсан Хятадын тагнуул Ларри Вутай Чинг илрүүлж баривчилсан. Тэгсэн ч Коммунист нам үүнийг хүлээн зөвшөөрөлгүй дээрх бүгдийг АНУ-ын Хятадын эсрэг зохиосон үлгэр хэмээн тодорхойлсон юм. Дон Жинвей хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард харагдсан. Хятадын зарим хэвлэлүүдийн мэдээлснээр засгийн газрын тушаалаар тус улсын цахим сүлжээнээс Дон Жинвейн бүх зургуудыг аль хэдийн устгаад эхэлсэн” хэмээн ярьжээ.
Дон энэ сарын 18-ны семинарт оролцсон тухай ямар ч зураг алга. Учир нь үүнээс өмнө Хятадын хэвлэл мэдээллүүд Дон Жинвейн оролцсон ямар ч арга хэмжээг олон нийтэд цацахаас цааргалдаггүй байв. Жишээлбэл, 2018 онд Дон Жинвей өөрийн дарга Чен Еишинтэй хамт Германд очиж, Герман, Хятадын аюулгүй байдлын уулзалтад оролцсон тухай зургууд хаа сайгүй тарж байв. Тэгээд ч хэрвээ нотлох зураг, дүрс бичлэг байсан бол олны ам дамжин яригдаж буй мэдээллийг няцаахын тулд Бээжин тэднийг зайлшгүй дэлгэх байсан хэмээн Хан хэлжээ.
Харин Пентагон, төрийн департмент, тагнуулын ерөнхий газруудад ажиллаж байсан Хятад судлаач Николас Эфтимиадес “Бээжин Донг дүрвэсэн гэдгийг эсэргүүцэх баримт гаргаж ирээгүй, түүнийг олонд харуулахгүй байгаа нь болж буй үйл явдлыг улам ойлгомжгүй болгож байна. Гэхдээ Хятадад Ханы хэлсэн шиг Доны зургийг цахим орчноос арчсан зүйл алга. Харин ч эсрэгээрээ хятадууд цахим орчинд энэ сэдвээр ам уралдан ярьцгааж байна. Үүнээс харахад Дон үнэхээр дүрвээгүй байж ч магадгүй юм. Учир нь, хэрвээ Дон жинхэнээсээ дүрвэсэн бол Коммунист нам иргэдэд энэ талаар ам нээхийг ч зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.
Доны дүрвэсэн эсэх талаар Бээжин одоо болтол ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд нөгөө талд АНУ ч заншлынхаа дагуу амаа хамхиастай хэвээр.
Хэдийгээр Дон дүрвэсэн нь үнэн байгаад, АНУ-д мэддэг бүхнээ хэлж өглөө ч түүний албан тушаал сөрөг тагнуулын үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй, өргөн хүрээний нууцад нэвтэрдэггүй байсан тул Хятад тийм ч их хохирол амсахгүй юм. Гэхдээ хэрвээ Дон АНУ-д дүрвэсэн биш, анхнаасаа АНУ-ын талд ажиллаж байсан бол том асуудал мандах аж.
Хятадын орчин цагийн түүхэнд урвагчдыг эрж олоод устгасан тухай олон баримт бий. Түүнийгээ ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бахархалтайгаар нийтэлдэг билээ. Жишээлбэл, дээр дурдсан Юү Чианшенийг 1985 онд дүрвэснийх нь дараа Хятадын үндэсний аюулгүй байдлын таван ажилтан түүнийг Өмнөд Америкаас олж, далайд живүүлсэн түүх байдаг аж. Мөн зарим тохиолдолд урвагчийг эрж олох ажилд Хятадын коммунист холбоотон ОХУ тусалдаг ч гэх.
Эх сурвалж: SPYTALKS DAILYBEAST REDSTATE
Холбоотой мэдээ