НЭМЭЛТ:
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-УОК-ын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хөл хорио тогтоох асуудлыг Эрүүл мэндийн яамнаас хэлэлцүүлээгүй. Тодорхой хүрээнд хязгаарлалт тогтоох санал гаргасан. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ сарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун бассейн, фитнессийн үйл ажиллагааг 10 хоног хязгаарлалаа. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хүргэлтээр ажиллах хязгаарлалтын үйл ажиллагааг 10 хоногоор сунгалаа.
Ирэх долоо хоногоос 12-оос дээш насны хүүхдүүдийг “файзер” вакцинд хамруулах ажлыг идэвхжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 суманд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоосон ч хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй.
ХАЛДВАР ХЯНАЛТААС ГАРВАЛ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ТУХАЙ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Зуны цагт ногоон бүсэд иргэдийг агаар салхинд гарахыг дэмжиж байгаа. Гэр бүлийн хүрээнд аялал зугаалга зохион байгуулахыг зөвшөөрч байна. УОК-ын даргын 41 дүгээр тушаалд аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах журмыг заасан. Өнгөрсөн тавдугаар сарын 8-аас эхлэн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн. Харамсалтай нь хүний бөөгнөрөл үүсч, халдвар тархах нөхцөл байдал үүссэн тул тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоож байна. Гэхдээ зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаах талаар яригдаагүй. Мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг бүтэн сар зөвлөсөн. Цаашид дүрэм журмын биелүүлэлтийг хангаж халдвар хамгааллын дэглэмээ мөрдвөл үйл ажиллагааг нь нээнэ.
Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаад байна.
Бид эдийн засгаа давхар дэмжих бодлого баримталж байна. Цаашид халдварын нөхцөл байдал хүндэрвэл хөл хорио тогтоох асуудлыг УОК-ын хуралдаанаар дахин хэлэлцэнэ. Үүнээс гадна Улсын онцгой комиссоос хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдлыг хэвийн горимд нь шилжүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Улсын онцгой комисс 20:00 цагт хуралдах аж. Хуралдаанаар хөл хорионы асуудал хэлэлцэхгүй, үйл ажиллагааг хязгаарласан аж ахуй нэгжүүдийг нээх эсэхийг шийдэх юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ресторан, цайны газар, амралт жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоног хязгаарлах шийдвэр гаргасан.
Маргааш хязгаарлалтын хугацаа дуусч буй учраас дээрх асуудлаар хуралдаж байгаа аж.
Холбоотой мэдээ